Сүүлийн үед сургалт эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон, нэгдэж нийлсэн их, дээд сургуулиуд бие даан элсэлт зохион байгуулж байна гэх мэдээлэл цахим орчинд тархсан билээ Үүнтэй холбогдуулан тухайн сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд хяналт хийхэд зөрчил илрээгүй талаар БШУЯ-наас мэдээлсэн. Мөн хууль, журам зөрчиж элсэлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан, суралцагчийг төөрөгдүүлэн элсэлт хийсэн тохиолдолд хуульд заасан үндэслэлээр хариуцлага тооцно гэдгийг мэдэгдээд байсан юм.
Түүнчлэн 2022 оны 06 дугаар сараас хойш нийт 27 их, дээд сургуулийн сургалт эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоод байна. Мөн сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн 1293 хөтөлбөр хүчингүй болгож сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөөс хассан, нэгдэж нийлсэн сургуулийн хөтөлбөрийн давхардлыг арилгаж тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгосон.
Энэ оны 9 дүгээр сард нэр бүхий 22 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд салбарын хяналт, шалгалт хийнэ. Олон улсын хэмжээнд их сургуулийн эрэмбэ тогтоодог Times Higher Education (THE) байгууллагатай хамтран Монгол Улсын нийт их, дээд сургуулийн эрэмбэ чансаа тогтоох ажил үргэлжилж байна. 9 дүгээр сард их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг олон нийтэд мэдээлнэ. Дээд боловсролын тухай хуулиар 2 жил тутам их сургуулийн эрэмбэ чансааг тогтоон олон нийтэд ил тод мэдээлж байна.