“Монгол” уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа олны анхаарлыг татаж, монгол хүн бүрийн заавал үзэх киногоор тодроод буй. Эрх мэдэл, эд хөрөнгөд шунасан ихэс дээдсийн балгаар амьдрал, хайр дурлал нь орвонгоороо эргэсэн Монгол хэмээх эгэл залуугийн тэмцлийг харуулсан түүхэн сэдэвт эл кино гурван сар гаруйн хугацаанд кино театр руу үзэгчдийг татсаар байна. Тус киноноос онцлох зарим зүйлийг сийрүүлье.
Монгол хүн гэж хэн бэ
Өнгөц харвал “Монгол” кино шилийн сайн эрийн түүх. Гэхдээ “Монгол” кинонд үндэсний үзэл, монгол хүний мөн чанарын талаар өгүүлсэн. Найруулагч ч “Монгол хүний мөн чанар, монгол хүний онцлог, ялгарал юу юм бэ гэдгийг л, “Бид ийм онцлогтой ийм хүмүүс шүү” гэдгийг киногоороо “хэлэх”-ийг хүсэж байна. Хаана ч, хэзээ ч хэлсэн үгэндээ байдаг монгол хүний тэр зан чанарыг кинондоо шингээхийг хүссэн” гэдгээ дурдаж байв. Тэрбээр “Монгол”-оор “Монголчууд бид чинь хэн билээ, юу билээ” гэдгийг нэлээд эх оронч өнцгөөс, гэхдээ цээж дэлдэх бус, эгэж ухаарах шаардлагаас бодогдуулж чадсан.
Онцгой кастинг
“Монгол”-д үргэлж харж дадсан жүжигчдийг уриагүй, тэгж маркетинг хийгээгүй. Мөн дэлгэцийн уран бүтээлд ажиллаж дадаагүй жүжигчидтэй өөрөө залуу найруулагчийн хувьд тууштай ажиллахаас эмээгээгүй. Тус киноны дүрүүдэд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, Гавьяат жүжигчин З.Жарантав, Л.Энхбаяр, Э.Батнямбуу нараас гадна Б.Наранбаатар, Г.Энхтайван, Ц.Шүхэрт, Б.Бямбацэрэн, Б.Мөнх-Очир, Б.Мөнхсайхан нарын уран бүтээлч оролцон тогложээ. Харин тус киноны “шигтгээ” нь Т.Солонго-Уянга. Азийн супер модель эл бүсгүйн тоглосон анхны кино нь “Монгол” боловч тэрбээр Сэрчмаагийн дүрээрээ үзэгчид болон кино сонирхогчид, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ аваад буй. Харцаараа ойлголцох, хэлэхгүйгээр хайрлах, нүцгэлэхгүйгээр дурлалцах, ёолохгүйгээр өвдөх, хашхирахгүйгээр тэсрэхийг “Монгол”-оос үзэж болно.