ШЕЗ-өөс мэдээлэл хийх үеэрээ "Найман ишигний" гэх хэргийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал,
Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Олон нийтийн цахим сүлжээгээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундах шүүхээс олон тооны мал бүлэглэн хулгайлсан асуудлыг хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулж, "Наман ишигний" гэх нэр томьёо гаргаж, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл цацагдаж байна. Үүнийг залруулах үүднээс товч мэдээлэл өгье.
Хэнтий аймгийн прокурорын газраас 2022 оны 10 дугаар сарын 06-ний өдөр Г, Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 2.1, 2.2, 2.4 мал хулгайлах, Т-ийн ээж болох Д нь мөн хуулийн тусгай ангийн 18.6-р зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундах шүүх хянан хэлэлцсэн.
Шүүх тус хэргийг хэлэлцэж, Г, Т нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Г-д 2 жил 6 сар, Т-д 2 жилийн хорих ял оногдуулж тус тус шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлд мал хулгайлах гэмт хэргийг хуйлчилсан. Тэгвэл Г, Т нарт 17.12.2 дахь хэсэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мал хулгайлсан асуудал яригддаг. Тиймээс шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгэсэн.
Хуулинд олон тооны малыг бүлэглэж хулгайлбал 2-8 жил хугацаагаар зөвхөн хорих ял шийтгэнэ гэж заасан. Тиймээс хуулийн дагуу шүүхээс шийдвэр гарсан. Өөр сонгох ялын санкц энэ гэмт хэрэгт байхгүй. Мөн уг хэрэгт Г, Т нар нь бусдын олон тооны буюу 56 малыг бүлэглэж хулгайлсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсон. Энд ямар нэгэн найман ишигтэй холбогдуулан ял шийтгэл оногдуулсан зүйл байхгүй.
Т-ийн ээж болох Д нь гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн.
Мөн Г, Т нарын өмгөөлөгч нар гомдол гаргасан учир наймдугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааныг зохион байгуулахаар болсон" гэлээ.