Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн. Хурал 47 өдрийн турш үргэлжилж, өнөөдөр шүүх гэм буруугийн дүгнэлтээ гаргаж байна.
Тодруулбал, уг хэрэгт шалгагдаж байсан "Бэрэн групп"-ын захирал Б.Мөнхтөрийг гэм буруутайд тооцож, шийдвэрлэлээ.
Сануулахад, Хөгжлийн банкны сонсголын үеэр "Бэрэн групп" ХХК-ийн чанаргүй зээлийн асуудлыг хэлэлцэх үеэр хурал даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын зүгээс эл компанийн Ерөнхий захирал Б.Мөнхтөрөөс Макао чөлөөт бүс дэх казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө авсан гэх мэдээллийг өгсөн билээ.
Харин эл мэдээллийг Б.Мөнхтөр өөрөө үгүйсгэсэн юм. Тэгвэл дансны дэлгэрэнгүй хуулгаар Макаогийн казинод түүний нэр дээрх данснаас 130 гаруй сая төгрөгийн зарлага гарсан нь нотлогдож байгааг мэдээлсэн байдаг.