Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОТОКОЛ: Ч.Сайханбилэг “яаравчлуулж“, Н.Батбаяр, Ерөнхий сайд нар нь хуралд шууд оруулж, ХБ-ны удирдлагууд мэргэжилтнүүддээ “шахалт“ үзүүлсэн гэх БЭРЭН ГРУПП-ийн зээлийн ЦААНА...

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
8 минут 18 секунд

No description available.“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 22 дахь өдрөө үргэлжилж байна. Олон өдөр ийнхүү үргэлжилсэн шүүх хурал өнгөрөгч долоо хоногоос эхлэн хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудыг шинжлэн судалж эхэлсэн билээ. Энэ үеэр зарим гэрчүүдийн мэдүүлэг ч олон нийтэд ил болж буй. Өчигдрийн хуралдаанаар Бэрэн Групп ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсан юм.

-Бэрэн Групп ХХК-д ЗГ-ын тогтоолоор 22.7 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг ЗГ-ын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан олгосон-

2013 онд тус компанийн зээлтэй холбогдуулан гарсан хууль зүйн дүгнэлтийг улсын яллагч танилцуулсан юм. Тодруулбал, 2013 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 256 дугаартай тогтоолоор Бэрэн Групп ХХК-иас хэрэгжүүлж буй Орхон аймагт барилгын арматурын үйлдвэр барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхэд зориулан 22.7 сая хүртэлх ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг ЗГ-ын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Б.Батбаярт зөвшөөрсөн байдаг.

-Ч.Сайханбилэг нь яаравчлуулж, Н.Батбаяр, Ч.Алтанхуяг нар нь зөвшилцсөний дүнд хурлаар оруулж ирэхдээ өөр нэрээр хэлэлцсэн гэж гэрч мэдүүлжээ-

Гэрч н.Өлзийбаярын зүгээс "2013 оны долдугаар сарын 6-ны өдрийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын төлөвлөгөөг 32 дээр үзэхэд энэ асуудал /Бэрэн Групп/ хэлэлцэгдээгүй байсан. Гэхдээ тушаал албажуулдаг албан тушаалтнуудын өөрсдийнх нь хөтөлдөг тэмгэдлэлийн архивын хувийн хэрэг гэсэн баримтаас үзэхэд, 2013 оны долдугаар сарын 6-ны өдрийн 32 дугаартай хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтын сүүлд гараар 37 дахь асуудалд 256 дугаар тогтоол гэсэн бичмэл баримт байсан. Тэгэхээр нь би тухайн бичмэлийг авч уншихад, ЗГХЭГ-ын сайд Ч.Сайханбилэг нь "Наадмын өмнө хэлэлцэх ёстой бүх асуудлаа хэлэлцэж дуусгана. Өнөөдөр амжихгүй бол хоёр хоногийн дараа дахин хуралдаж дахин шийдвэрлэнэ" гэсэн байсан. Түүний дараагаар 33 дугаар хурлын тэмдэглэлийг харахад, тухайн өдөр хэлэлцэх асуудлын 24 дэх хэсэгт энэ тогтоолын нэршлээр бус өөр нэрээр хэлэлцсэн байсан. Тэрийг надад хуулбарлан өгсөнгүй..." гэжээ.

Тэрбээр үргэжлүүлэн "Тухайн тогтоолын төсөл нь ЗГХЭГ-ын бичиг хэргээр дамжин албажиж орж ирээгүй, шууд хурал дээр Н.Батбаяр сайд, Ч.Алтанхуяг нар зөвшилцсөний үндсэн дээр хуралд оруулж ирсэн байна. Өөрөөр хуралд орох боломжгүй..." гэсэн байна.

-ГЭРЧ: ДАНСАН ДАХЬ ХӨРӨНГИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХ "АЖНАЙ" ГРУППИЙН Д.БАТ-ЭРДЭНЭД Ч БИЙ-

Зээлийн зориулалтын дагуу тоног төхөөрөмж авахаар Сингапур улсын компани руу шилжүүлсэн мөнгө нь Бэрэн Групп ХХК-ийн охин компани руу буцаж шилжиж орж ирсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байдаг талаар улсын яллагч мэдээлсэн юм. Үүнтэй холбоотойгоор мөрдөгч 2014 оны зээл, түүний зарцуулалттай холбоотойгоор тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрчээс дараах асуултуудыг тодруулжээ.

МӨРДӨГЧ: "Бэрэн Групп" ХХК-ийн Капитрон банк дахь дансанд эзэмшдэг долларын харилцах дансанд 2014 оны долоодугаар сарын 1-нд 2.9 сая ам.доллар, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 999 мянган ам.доллар тус тус Сингапур улсын Пабр Инвестмент компаниас орж ирсэн байна. Уг мөнгө ямар учиртай мөнгө вэ. Энэ мөнгийг хэний тушаал заавраар хэрхэн юунд зарцуулж хаашаа шилжүүлсэн талаар хэлнэ үү?

ГЭРЧ: Сайн мэдэхгүй байна. Ажнай Группээс зээл авсан гэж сонссон. Уг мөнгийг юунд зарцуулсан талаар санахгүй байна.

МӨРДӨГЧ: Дээрх мөнгийг захиран зарцуулах эрх хэнд байсан бэ?

ГЭРЧ: Нэгдүгээр гарын үсгийг Ажнай Групп ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ, хоёрдугаар гарын үсгийг Бэрэн Групп ХХК-ийн захирал зурдаг байсан. Зарцуулах эрх нь эдгээр хүмүүст байдаг байсан.

-С.Наранцогт: "Бэрэн Групп" ХХК өмнө ХБ-наас хоёр ч удаа зээл авсан хэдий ч зээлийн зарцуулалт тодорхойгүй, төсөл хэрэгжээгүй байсан тул би зээл олгохыг ДЭМЖЭЭГҮЙ-

Одоогийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт гэрчээр мэдүүлэг өгч байжээ. Тэрбээр мэдүүлэгтээ "...Би Бэрэн Групп ХХК-ийн Ерөнхий захирал Д.Мөнхтөрийг танихгүй. Манай Сангийн яам өрийн удирдлагын хэлтэстэй, ЗГ-ын гадаад өр зээлийг цахимжуулах ажлыг зохион байгуулсан юм. Энэ үед Бэрэн Групп ХХК БНХАУ-ын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлийг дамжуулан зээлдэх замаар авч тухайн зээлээрээ орон сууц барих төсөл хэрэгжүүлэн дамжуулан зээлдэх журмын дагуу эргэн төлөлт огт хийгдээгүй асуудал байсан. Тэр асуудлын хүрээнд Бэрэн Групп ХХК-г мэддэг болсон. Энэ хүрээнд Барилгын яам руу болон АТГ руу бичиг явуулж байсан. Зээлийг эргэн төлүүлэх асуудлыг хөөцөлдөж эхэлсэн. Би тухайн үеийн нөхцөл шаардлагыг сайн санахгүй байна. Тухайн үед ТУЗ-аар тодорхой нөхцөл шаардлагуудыг тавьж, дэмжсэн байх. Би дэмжээгүй учраас энэ нөхцлийг санахгүй байна. Миний хувьд тухайн компани өмнө хоёр ч удаа ХБ-наас зээл авсан ч зээлийн зарцуулалт нь тодорхойгүй, төсөл нь хэрэгжээгүй асуудалтай л байсан. Тиймээс дахин зээл өгч эрсдэлд оруулах шаардлагагүй гэж үзсэн байна..." гэжээ.

-ХБ-ны мэргэжилтнээр ажиллаж байсан ГЭРЧ: ХБ-ны Б.Батбаяр тэргүүтэй нэр бүхий удирдлагууд дуудаж уулзаад "Энэ зээл юу болж байна, яаралтай гарга, хурдлуул" зэргээр шахалт үзүүлдэг байсан-

Дараагийн дугаарт Хөгжлийн банкинд тус зээлийг гаргах үед ажиллаж байсан этгээдийг гэрчийн мэдүүлэг авснаас хэсгээс нь танилцсан юм. Ийм яриа өрнөжээ.

-МӨРДӨГЧ: "Бэрэн Групп" ХХК-ийн зээл олголттой холбоотойгоор таны шууд удирдлага албан тушаалтнуудаас хууль бус үүрэг даалгавар өгч байсан зүйл бий юу?

-ГЭРЧ: Манай зээл олголтын үеэр манай газрын захирал Ч.Мөнхбаяр болон Гүйцэтгэх захирал Батбаяр, тэргүүн Дэд захирал Энхбат тэр ч бүү хэл чиг үүрэгт нь хамааралгүй боловч Актив пассив удирдлагын газрын захирал Чойжилжалбуу нарын зүгээс надтай уулзаж "Энэ зээл юу болж байна, яаралтай гарга, хурдлуул" гэх байдлаар шахдаг байсан. Мөн зээл судалж байгаа мэргэжилтэн болон ахлах мэргэжилтэн Тогтохбаяр биднийг дуудаж уулзаад шахалт үзүүлдэг байсан. "Бэрэн Групп" ХХК-ийн зээлийн тухайн Гүйцэтгэх захирал Батбаяр байнга л асууж, хяналт тавьж анхаарлаа хандуулж байсан. Батбаяр захирал болон Мөнхбаяр захирлын зүгээс надад ийнхүү шахалт үзүүлдэг байсан учраас би доош хариуцсан мэргэжилтнүүд рүүгээ тодорхой үүрэг өгдөг байсан...

Өнөөдөр шүүх хурал 22 дахь өдрөө үргэлжилнэ...

ФОТО: Нийслэл хотод бороо орж байна
ФОТО: Нийслэл хотод бороо орж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.