Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр /2023.05.30/ боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
1. МҮБХ-ны дүрэмд заасны дагуу тэргүүлэгчдийн хуралдааны ирцийг Хяналтын зөвлөл хянан үзэж, зарим тэргүүлэгчдийг дараагийн хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцохгүй байвал чөлөөлөх,
2. 2023 оны дөрөвдүгээр сарын наймны өдрийн барилдаанд учраа бөхөө нидэрсэн болон тухайн барилдааны жаяг дэгийн багийн гишүүдийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлээгүй, улсын харцага Ш.Уламбаярт МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх,
3. 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн барилдаанд өөрийн барилдаанаа орхин, хажуугийн барилдааны үр дүнд нөлөөлөх, ёс зүйгүй үйлдлийг санаатайгаар хийсэн Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн заан Т.Батсүрэнгийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн нэг жилийн хугацаагаар хасах,
4. 2023 оны тавдугаар сарын 20-ны өдрийн барилдаанд учраа бөхөө мөргөсөн Төв аймгийн Баянцагаан сумын заан М.Баасанг гэм буруугаа ухамсарлаж, тухайн барилдааны үеэр үзэгч олноос уучлал хүссэн байдал зэргийг харгалзан үзэж МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх,
5. 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохьсон Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, аймгийн начин Д.Урианхайгийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн нэг жилийн хугацаагаар хасах,
6. 2023 оны тавдугаар сарын 21-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохьсон Ховд аймгийн Үенч сумын харьяат, сумын заан Б.Мөнх-Эрдэнийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6, 7.6.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн хоёр жилийн хугацаагаар хасах,
7. 2023 оны тавдугаар сарын 27-ны өдрийн барилдаанд жаяг дэгийн багийн гишүүдийг хэл амаар гутаан доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн арслан Т.Сүрэнжавыг МҮБХ-ны “Барилдаанд өмсгөл шалгагч”-аар ажиллах эрхийг түдгэлзүүлж, МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг 1,5 жилийн хугацаагаар хасах шийдвэрүүдийг гаргав.
Дээрх шийдвэрүүдийг аймаг, сумын бөхийн салбар холбоод даган мөрдөх бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах бүх барилдаанд хариуцлага ногдуулсан хугацаанд бүртгэлд оруулахгүй байх, бүртгэж барилдаанд оруулсан тохиолдолд тухайн барилдаанд шөвгөрч, үзүүрлэж, түрүүлсэн бөхчүүдийн амжилтыг МҮБХ-ны албан ёсны эрэмбэнд оруулахгүй. Мөн өөрийн гаргасан ёс зүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээсэн бөх хөдөө орон нутагт зохиогдох аливаа барилдаанд оролцвол хариуцлагын хугацааг нэмэгдүүлж тооцох болно.