Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АУДИТЫН ДҮГНЭЛТ: ХААДС-нд 44.6 тэрбум төгрөгийн зээл 2022 онд эргэн төлөгдөх байснаас ердөө 7.1 хувь нь төлөгджээ

Огноо
Унших
10 минут 4 секунд

Үндэсний аудитын газраас гаргасан тайланд ХААДС-аас зээл авсан иргэн болон ААН-ийн эргэн төлөлт хугацаа хэтэрсэн бөгөөд өр хуримтлалын харьцаа алдагдаж тайлант онд буюу 2022 онд төлөх ёстой цэвэр зээлийн эргэн төлөлт ердөө 7.1 хувьтай гарсныг онцолжээ.

Түүнчлэн дараах зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

Засгийн газрын 2021 оны "Төрийн өмчит компани байгуулах тухай" 394 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн статустай болгохоор шийдвэрлэсэн гэсэн шалтгаанаар тус сангийн 2022 оны төсвийг батлаагүй, үйл ажиллагааны зардалд 15,261.3 сая төгрөгийг төсвөөс гадуур зарцуулсан.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-д "жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, хэрэгжүүлэх", 24 дүгээр зүйлийн 24.1-д "Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ", 41 дүгээр зүйлийн 41.2.2-д "батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах" гэж заасантай нийцэхгүй байна.

Шийдвэрлэсэн нь: Хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтын тогтолцоог тодорхой болгох, зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэрээр бүрэн нөхдөг байхаар төлөвлөж зарцуулах, алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх албан шаардлага өгөх гэжээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөгжлийн банкны Ди Би Эм Лизинг ХХК хооронд 2017- 2019 онд байгуулсан санхүүгийн түрээсийн 4 гэрээгээр 835 тоног төхөөрөмж авч зээлийг төлөөгүй, жил бүрийн төсөвт тусгаагүй, харилцагчдын зээлийн эргэн төлөлтийг үйл ажиллагааны зардалд зарцуулснаас нийт 52,712.0 сая төгрөгийн дамжуулан зээлийн хуримтлагдсан өр төлбөр үүссэн.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-д "жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, хэрэгжүүлэх", Өрийн удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Дэд болон эцсийн зээлдэгч нь дамжуулан зээлдүүлэх зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй", Санхүүгийн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.4-д "Санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрийг төлөхөд шаардлагатай мөнгөн хөрөнгийг төсөвтөө суулгах" гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Шийдвэрлэсэн нь: Гадны эх үүсвэртэй дамжуулан болон арилжааны зээлийг эргэн төлөлтийн графиктай уялдуулж жил бүрийн төсөвт тусгуулах, зээлдэгчийн эргэн төлөлтийг зориулалт бусаар зарцуулахгүй байх, алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх албан шаардлага өгчээ.

Өмнөх онуудад худалдан авч бэлтгэсэн, зах зээлд борлогдохгүй, хадгалах хугацаа дууссан, 312.5 сая төгрөгийн 11 нэр төрлийн бараа материалын их хэмжээний үлдэгдэлтэй.

Энэ нь "Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д "нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх;" Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах" гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Шийдвэрлэсэн нь: Мэргэжлийн хяналтын байцаагчийн албан шаардлагын дагуу хугацаа дууссан бараа материалыг акталж устгах, төсвийг оновчтой төлөвлөж, хэмнэлттэй зарцуулах, алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх албан шаардлага өгчээ.

Үндсэн хөрөнгийн дансанд элэгдлийн хугацаа дууссан 5,724.2 сая төгрөгийн хөрөнгө байгаа нь ТӨБЗГ-ын 2019 оны 271 дүгээр тогтоолын 6 дугаар зүйлд "Төрийн өмчийн эд хөрөнгийг акталж, данснаас хасах", 7 дугаар зүйлд "Хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоох" гэж заасантай нийцэхгүй байна.

Шийдвэрлэсэн нь: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад элэгдлээрээ өртгөө бүрэн нөхсөн хөрөнгийн ашиглах хугацаа болон үнийг шинэчлэн тогтоох саналыг хүргүүлэх, акталж данснаас хасах арга хэмжээ авч ажиллах, алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх албан шаардлага өгөх гэжээ.

Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан "2020-2021 оны санхүүгийн бүртгэл сайжруулах" аудитын 3 хуулийн этгээдтэй хийсэн 59.8 сая төгрөгийн гэрээнд заасан ажлын даалгавар бүрээр гэрээт ажлын гүйцэтгэлийг бодитой үнэлээгүй, гэрээ дүгнэсэн акт үйлдэж ажиллаагүй.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах" Ажил гүйцэтгэх ... гэрээний 4.5 "Гэрээт ажлыг 2022 оны 11 дугаар сарын 15-нд захилагчид хүлээлгэн өгч, биелэлтийг үнэлнэ" гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Шийдвэрлэсэн нь: Зөвлөх үйлчилгээний ажлын гүйцэтгэлийг бодитоор үнэлж, гэрээг дүгнэх, үр ашиггүй зардал гаргахгүй байх, алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх албан шаардлага өгчээ.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 315 харилцагчийн 67,875.0 сая төгрөгийн өглөгийг тооцоо нийлж баталгаажуулаагүй.

Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 "Үнэн зөв байх" зарчим, 20 дугаар зүйлийн 20.2.5 “Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн заалтуудтай нийцэхгүй байна.

Шийдвэрлэсэн нь: Өглөгийг тооцоо нийлж баталгаажуулах, дамжуулан зээлийн эргэн төлөлтөд хяналтад тавьж ажиллах, алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх албан шаардлага өгчээ.

Тайлант онд Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж, тариаланчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, 260.5 сая төгрөг зарцуулсан.

Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3-д "сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх" гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Шийдвэрлэсэн нь: Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх албан шаардлага өгчээ.

Тайлант онд 180.4 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаагүй, элеваторын сэлбэг засварын материал худалдан авах, Дархан салбарын засварын ажилд 170.8 сая төгрөгийн 27 шууд гэрээ байгуулан, тендер зохион байгуулаагүй.

Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д "Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно", 48 дугаар зүйлийн 48.1-д "Захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг шаардлагатай бол техник, эдийн засгийн үндэслэлийн хамт дараа жилийн төсвийн төсөлтэй хамтад нь боловсруулж, харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ" гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Шийдвэрлэсэн нь: Төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг хувааж шууд гэрээ байгуулахгүй байх, худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгах, төсвийг үндэслэлтэй төлөвлөх, алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх албан шаардлагыг тус тус өгч ажиллажээ.

Дээрхээс гадна Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хэрэгжүүлэх хөтөлбөрт тусаагүй арга хэмжээнд 80.7 сая төгрөгийг зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах" гэж заасантай нийцэхгүй байгааг тогтоожээ.

Байгууллагын бүтэц, зохион байгуулалттай холбоотой асуудал: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөдөө аж ахуйн үйлдвэрийн газар дамжуулан зээлийн хөрөнгийг эцсийн зээлдэгчид зээлдүүлэх, түрээслүүлэх гэрээ байгуулах ажлыг зохион байгуулдаг боловч зээлдэгчийн хувийн хэрэг, зээлийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөөгүй.

Мөн Санхүү, бүртгэлийн хэлтэс нь санхүүгийн тайланд зээлийн авлагыг бүртгэж, тайлагнахдаа зээлийн гэрээнд заасан хүү, хугацаа хэтэрсэн алдангийг тооцож бүртгэлд тусгаж, тайлагнахгүй байгаа нь газар, нэгжүүдийн чиг үүргийн хуваарилалт оновчгүй, ажлын уялдаагүй байгаатай холбоотой байна.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна", Өрийн удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.2-д "эцсийн зээлдэгч тус бүр дээр зээлийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх" гэж заасантай тус тус нийцэхгүй байгааг аудитаас дүгнэсэн байна.

ХААДС: Хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн хэмжээ 178.7 тэрбум төгрөгт хүрчээ
ХААДС: Хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн хэмжээ 178.7 тэрбум төгрөгт хүрчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.