"Scholarship Road-2023" зам, тээврийн салбарын боловсролын үзэсгэлэнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа 11 агентлаг, зам, тээврийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг гадаадын болон дотоодын 8 их сургууль, коллеж оролцож тэтгэлэгт хөтөлбөрүүд, нээлттэй ажлын байрны мэдээллээ танилцууллаа.
Зам, тээврийн салбар нь төмөр зам, автотээвэр, авто зам, агаарын тээвэр, далайн тээвэр гэсэн үндсэн 5 салбартай. Салбарт өнөөдрийн байдлаар нийт 40 гаруй мянган хүн ажиллаж, гадаадад 400, дотоодод 3000 орчим оюутан зам, тээврийн мэргэжлээр суралцаж байна.
Төмөр замын сүлжээ өргөжин тэлж, авто замын бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж, автотээвэр, агаарын тээврийн либералчлалын хүрээнд нисэхийн салбарт чадварлаг хүний нөөц, ажиллах хүчний эрэлт өндөр байгаа юм.
Энэ хүрээд энэ жилээс эхлэн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын нэрэмжит зам, тээврийн салбарын чиглэлээр суралцагчдад тэтгэлэг олгох журмыг батлан салбарын хүний нөөцийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллахаар болж байна.Энэ тэтгэлгийн зорилго нь зам, тээврийн салбарын мэргэжлээр суралцагчдыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, урамшуулах, дэмжих, салбарын боловсон хүчнийг бэлтгэх юм.
Тэтгэлэг олгох үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, шударга, ашин сонирхлын зөрчлөөс ангид, цаг хугацаа, орон зай, байршлаас үл хамааран суралцагч бүрд тэгш боломжийг олгоно.
Жил бүр сургалтын тэтгэлэг авах эрх үүссэн 100 оюутанд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг тус бүр олгох бөгөөд тэтгэлэгт хамрагдсан суралцагчид мэргэжлээрээ амжилттай суралцсан, төгсөөд зам, тээврийн салбарт 3 ба түүнээс дээш жил ажиллах гэрээтэйгээр ажлын байраар бүрэн хангагдах зохицуулалтыг оруулсан.
Зам тээврийн салбарын мэргэжлээр дотоодод ШУТИС-ийн Механик инженерийн сургууль, Барилга инженерийн сургууль, УБТЗ-ын Тээврийн дээд сургуульд голчлон бэлддэг. Харин гадаадад ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, АНУ, Вьетнам Улсын их дээд сургуулиудад салбарын мэргэжилтэн бэлтгэж байна.
Бээжингийн Зам харилцааны Их сургуультай хийсэн уулзалтын үр дүнд жилд 60 монгол оюутныг бакалаврын зэргээр сургах, сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөхөөр тохиролцсон. Бээжингийн Зам харилцааны сургуулийн багш нар ирэх 6 дугаар сард ирж өөрсдөө сонгон шалгаруулалтаа хийнэ.
Оросын Тээврийн Их сургууль (Хуучнаар Москвагийн Төмөр замын дээд сургууль)-д жил бүр 85 оюутан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой.
Цаашид салбарын хэмжээнд боловсон хүчнийг бэлтгэх, хүний нөөцийн хөгжлийн асуудлаар авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тодорхойлон ажиллаж байна. Үүнд:
- Зам тээврийн салбарын боловсон хүчин бэлтгэх сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын бааз суурийг бэхжүүлэх, нэгдсэн бодлогоор дэмжих,
- Иргэний нисэхийн мэргэжилтэй боловсон хүчнийг гадаад дотоодод бэлтгэх сургууль, сургалтын төвийг дотоодод байгуулах,
- Дотоод, гадаадын их сургуульд сурч буй оюутнуудад олгох тэтгэлэгт сонгон шалгаруулалтын системийг бүрдүүлэх, хүртээмжтэй, ил тод, нээлттэй зохион байгуулах,
- Гадаадын их сургуулиудад тэтгэлэг, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах оюутны квотыг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллах,
- МСҮТ-ийг Төрийн өмчит болон хувийн хэвшлийн тээврийн компаниудын дэргэд байгуулах, тоог нэмэгдүүлэх,
- Гадаад, дотоодын их сургууль, МСҮТ-д сургах мэргэжил, хөнгөлөлт, сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурагчид, оюутан залуусын дунд сурталчлах, мэдээлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.