Хөгжлийн банк болон “Хөтөл” ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны аравдугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу 61.3 сая ам.долларыг Цемент шохойн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд зориулан олгосон байдаг.
“Хөтөл” ХХК-ийн зээлийн эргэн төлөлтөд Хөгжлийн банкнаас 110.3 сая ам.доллар буюу 389.1 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Тухайн зээлийн барьцаа хөрөнгө нь 2.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний тоног төхөөрөмж, тодорхой хэмжээний хувьцаа, мөн зээлээр бий болсон хөрөнгө байх нөхцөлтэйгөөр зээлийг олгожээ. Гэтэл зээлийн санхүүжилтээр бий болсон цемент шохойн үйлдвэрийг одоо болтол барьцаалаагүй байна. Мөн “Хөтөл” компанийн хувьцаа эзэмшигч нь нас барж, өв залгамжлалын асуудал дөрвөн жил гаруйн хугацаанд тодорхойгүй байдалтай байгаа нь шүүхийн шатанд шийдвэр гарахад хүндрэл үүсгэж байна.
Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолыг үндэслэн Цемент шохойн үйлдвэрийг “39.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр төрийн эзэмшлийн хувьцааг “Хөтөл” ХХК-д худалдан хувьчилсан. Мөн Цемент шохойн үйлдвэрийг зээлийн барьцаанд өнөөг хүртэл барьцаалаагүй гэрээний шаардлагын хүрээнд “Цемент шохой” ХК-ийг шүүхийн ажиллагаанд хамтран хариуцагчаар татсан. Тус зээлийн санхүүжилт нь төлөгдөхгүй, чанаргүй зээлийн ангилалд шилжсэн асуудалтай холбогдуулан төрийн ашиг сонирхол зөрчигдсөн үндэслэлээр Улсын ерөнхий Прокурорын газар тус шүүх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байсан юм.
Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор 2015 онд Засгийн газраас гаргасан хувьчлах зүйлсийн жагсаалтад багтсан тус компанийн хувьчлалыг хүчингүй болгох шийдвэр гарч, цемент шохойн үйлдвэрийг төр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. “Хөтөл” ХХК-ийн 100% хувьцаа эзэмшигч нь 2018 онд нас барсан бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр СБД-ийн нотариатч П.Хишигжаргалаас талийгаачийн хүү Б.Тулгад өвийн гэрчилгээг олгосон. ТӨБЗГ-аас Б.Тулгад олгосон өвлөх эрхийн гэрчилгээг эс зөвшөөрч СБД-ийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
БГД-ийн Иргэний хэргийн шүүх хуралдаан 2023.05.11-ний өдрийн 9 цагт хуралдсан бөгөөд прокуророос 2 төрийн байгууллага нэхэмжлэгч хариуцагч болсон тул төрийн эрх ашгийг хамгаалах асуудал зөрчигдөхөөр байгаа тул шүүх ажиллагаанаас татгалзах, мөн хариуцагч Б.Тулгын өмгөөлөгчөөс өвийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх эсэх нь шүүхээр шийдвэрлэгдэх тул тус шүүх хурлыг түдгэлзүүлэхээр хүсэлт гаргасан. Шүүхээс дээрх 2 хүсэлтийг ханган, СБД-ийн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд тус шүүх ажиллагааг түр хугацаанд хүлээх буюу түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байна.