Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

17 удаа хойшилсон “Монгол драй милк” ХХК-д холбогдох хэргийн шүүх хурал болж, 74 тэрбум төгрөгийг ХБ-нд төлүүлэхээр шийдвэрлэлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 27 секунд

Хөгжлийн банкны зарим зээлдэгч компаниудтай холбоотойгоор шүүхийн шийдвэрүүд гарч эхэллээ. Тухайлбал, Монгол Улсын Хөгжлийн банк нь “Монгол Драй Милк” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төсөлд зориулж нийт 60 хуурай сүү, аарцны цехийн санхүүжилт болох 14,9 сая ам.долларын санхүүжилтийг хэсэгчлэн олгохоор шийдвэрлэж, тус компанитай холбогдох Зээлийн болон Барьцааны гэрээг тус тус байгуулжээ. 2017 оны тавдугаар сарын 15-ны өдөр 4,000,000 ам.доллар, 2017 оны зургаадугаар сарын 08-ны өдөр 3,404,000 ам.доллар, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 7,560,000 ам.долларын санхүүжилтийг тус тус бүрэн олгосон байна.

“Монгол драй милк” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй удаа дараагийн зөрчил үүсгэсэн тул банк тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нийт зээлийн өр төлбөрийг төлүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хүсэлтийг хүргүүлж, Ерөнхий прокурорын газраас 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр нийт 17,8 сая ам.доллар буюу 47,7 тэрбум төгрөгийг “Монгол драй милк” ХХК-иас гаргуулахаар холбогдох нэхэмжлэлийг СДБ-ийн ИХАШШ-д гаргасан.

Өнгөрсөн хугацаанд тус шүүх хурал 27 шалтгааны улмаас 17 удаа хойшилсон. Тухайлбал:

  • Хариуцагч “Монгол драй милк” ХХК-ийн зүгээс 6 удаа,

гуравдагч этгээд “Меланж” ХХК-ийн зүгээс 6 удаа,

  • “Алтай констракшн” ХХК-ийн зүгээс 3 удаа,
  • “Жинст цамхаг” ХХК-ийн зүгээс 4 удаа,
  • Хөгжлийн банкны зүгээс 4 удаа,
  • МУЕПГ-ийн зүгээс 2 удаа,
  • Шүүгчийн зүгээс 2 удаа хойшилсон байна.

Банк нь Монгол Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран тус хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа 3 удаа нэмэгдүүлсэн ба 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийт 21,582,072.66 ам доллар буюу 74.0 тэрбум төгрөгийг нэхэмжилж, банк хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн ба шүүхийн зүгээс банкийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулахаар шийдвэрлэсэн.

Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр хуралдаж, шүүхээс “Монгол драй милк” ХХК-иас 58.4 тэрбум төгрөгийг гаргуулж Хөгжлийн банканд олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаанд буй ашигт малтмалын 2 тусгай зөвшөөрлөөс бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Хөгжлийн банк нь СБД-ийн ИХАШШ-ийн дээрх шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүх хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр товлогдсон боловч хариуцагчийн зүгээс өмгөөлөгч, гуравдагч талаас төлөөлөгч “МУХБ-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан”-д оролцож байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан юм. Шүүхээс хүсэлтийг хүлээн авч хурлыг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр товлосон.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2023 оны тавдугаар сарын 12-ны өдөр болж, хуралдаанд талууд мэтгэлцээний журмаар оролцлоо. Тус шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Хөгжлийн банк болон МУЕПГ-ын хамтарсан 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжилсэн дүнгээр буюу нийт 21,582,072.66 ам доллартай тэнцэх 74.0 тэрбум төгрөгийг “Монгол драй милк” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэлээ.

“Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” болох 60 хуурай сүүний үйлдвэрийн төсөл нь төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад ороогүй байгаа ба төслийн болон компанийн үйл ажиллагааны орлого бодит баримтаар баталгааждаггүй.

ШҮҮХ: “Эрэл” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээж, 173.9 тэрбум төгрөгийг ХБ-нд төлүүлэхээр шийдвэрлэлээ
ШҮҮХ: “Эрэл” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээж, 173.9 тэрбум төгрөгийг ХБ-нд төлүүлэхээр шийдвэрлэлээ
 
Б.Дэлгэрсайхан: Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам холболтын төсөл хэрэгжихгүй бол бусад төслүүд хэрэгжихэд ч хүндрэлтэй
Б.Дэлгэрсайхан: Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам холболтын төсөл хэрэгжихгүй бол бусад төслүүд хэрэгжихэд ч хүндрэлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.