Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Батзориг: “Шөнө дундын бүжиг“ жүжгийн Дудраагийн дүрээр тайзны уран бүтээлд өөрийгөө сорих боломж олдсонд баярлаж байна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
20 минут 9 секунд

"Энэ нийгэмд бодит байдал дээр хүн төрхтэй араатан олон болж
Сайхан сэтгэл, үнэнч хайранд бус эд хөрөнгө, хөнгөн жаргалдаа, шуналдаа автан амьдрах хүн сүрэг болж
Та уг жүжгээс өөрийгөө ч харж магадгүй…" хэмээх "өмнөтгөл" энэ жүжигт хадагддаг.

Сорогдогийн Жаргалсайханы зохиол "Шөнө дундын бүжиг" драмын жүжгийг ерөнхий найруулагч Мягмарнарангийн Батболдын найруулгаар дахин амилуулахаар болсон нь олон нийтийн дунд хэдийнэ хүлээлт үүсгэж байна. Энэ удаад бид "Шөнө дундын бүжиг"-ийг хэрхэн харах бол гэдэг тун сонирхолтой. Тэгвэл бид жүжгийн гол дүрээр сонгогдсон МУСТА, жүжигчин С.Батзоригтой ярилцлаа.

-"Бурханы авралаар чи ирлээ" шоу дуусаад багахан хугацаа өнгөрсөн байна. Гэтэл үргэлжлүүлээд шинэхэн уран бүтээлийн бэлтгэл ажилд орчихсон байна. Нэлээн шахуу ажиллаж байгаа болтой?

-"Бурханы авралаар чи ирлээ" шоу нэвтрүүлгийн зураг авалтад шахуу хуваарьтай ажилласны дараагаар "Хэрмэл жүжигчид" киногоор Европын орнуудаа тойроод ирэнгүүтээ шинэ жүжгийн бэлтгэлд орлоо. Алдарт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжигт ажиллах уу гэх саналыг Орфей театрын хамт олны зүгээс тавьсан. Миний хувьд өөрөө ч тайзны жүжиг дээр ажиллах сонирхолтой байсан тул саналыг нь дуртайяа хүлээн авсан. Одоогоор бэлтгэлдээ ороод байна.

-Орфей театр “Шөнө дундын бүжиг” жүжгийн дүрүүдийг зарлаад эхэлснээс хойш олон нийтийн дунд хүлээлт үүсгэж эхэллээ. Таны хувьд ямар дүр дээр ажиллахаар болов?

-Дудраагийн дүр дээр ажиллаж байна. Өмнө Аккабэлла хамтлагийн Дөкө ахаас эхлүүлээд олон хүн ажиллаж байсан юм билээ. Миний хувьд тус жүжигт Дудраагийн дүр дээр ажиллах болсондоо баяртай байгаа. Хоёрдугаарт, Орфей театрын хамт олны өмнө тавьсан жүжгүүдийг үзэж байсан. Түүнд нь манай "X Tuts" продакшны уран бүтээлчид ч оролцож байсан. Тиймээс аливаа уран бүтээлийг Орфей театр ямар өнцгөөс хэрхэн тавих бол гэдэг өөрт маань сонирхолтой санагдаж байсан юм. Тиймээс энэ баг хамт олны дунд орж ажиллах нь өөрөө таатай байна.

Бид өөрсдөө кино уран бүтээлийн кастинг хийхдээ энэ дүрд хэн тохирох вэ гэж боддог шүү дээ. Түүний адилаар энэ удаагийн дүр дээр надтай буюу хувь хүнтэй маань ойрхон байж болохуйц дүр гэж харж байгаа. Жүжиг үзсэн хүмүүс маань өөрсдийн дүгнэлтээ хийх байх.

Миний дүрийн тухайд, хамгийн сул дорой, эрх мэдэл багатай хүн ч гэлээ жүжгийн төгсгөлд гол дүрийн таван жүжигчдээс өөрийн гэсэн зорилго, хүсэл нь биелж байгаа ганц дүр.

-Уран бүтээлч бүрт энэ найруулагчтай ажиллаж үзэх юм сан гэж бодол төрдөг болов уу. "Шөнө дундын бүжиг" жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа шүү дээ?

-Би сургуулиа төгсөөд дийлэнхдээ дэлгэцийн бүтээлүүд дээр ажилласан байна. Шоу тоглолтууд дээр ч ажилласан. Харин тайзны жүжиг дээр тун цөөхөн орсон байна. Ч.Найдандорж найруулагчтай ажиллаж байсан. Тайзны жүжиг чиглэлд ховор оролцсон тул энэ чиглэл рүү өөрийгөө сорьж үзэх юмсан гэсэн бодол байсан. М.Батболд найруулагчтай ажиллаж үзэх юмсан гэсэн бодол ч өмнө нь байсан. Өмнө нь надтай тааралдах үеэрээ "Хоёулаа хамтарч ажиллаж үзмээр байна. Тэр өдөр хэзээ вэ" гэж ярьж байсан.

М.Батболд найруулагчтай ажиллаж үзэх миний хүсэл нөгөө талд М.Батболд найруулагчийн намайг нэг дүр дээр сорих хүсэл нь "Шөнө дундын бүжиг" жүжиг дээр огтлолцож байгаад баяртай байгаа.

Хүлээлт гэхээсээ илүүтэйгээр энэ жүжгийг сайн найруулж тавих байх гэдэгт нь найруулагчид эргэлзэхгүй байна. Харин миний зүгээс чадах зүйл юу вэ, өөрийн оролцоогоо жүжигт оруулах вэ гэдэг нь чухал учраас чадахаараа хичээнэ.

-Өмнө хэд хэдэн удаа тавигдсан шүү дээ. Энэ удаагийн "Шөнө дундын бүжиг" ямар онцлогтой байх бол?

-Орфей театрынхан нэг соёлыг нэвтрүүлэхээр оролдож байгаа нь надад таалагдсан. Зуны шөнийн театр. Зун театр үзэнгээ алжаалаа тайлж, урлагийн таашаал авахаараа онцлогтой. Энэ нь ч саналыг нь хүлээн авах нэг шалтгаан болж өгсөн. Би өмнө нь "Хувьсал" продакшны тавилтаар эл жүжгийг үзэж байсан. Тухайн үеийнхээ тэсрэлт л байсан шүү дээ. Энэ удаагийн тухайд, техник технологи хөгжсөн энэ цаг үед жүжиг маань өмнөх тавилтуудаас юугаараа ялгарах вэ гэдэг их чухал. Кабаре тавилтыг Орфей театр хэрхэн хийх вэ гэдэг нь чухал. Харин миний хувьд дүр дээрээ хичээж ажиллах нь тун чухал.

-Таны хувьд дүр дээрээ хэрхэн ажиллая гэж бодож байна. Өмнөх жүжигчид Дудраагийн дүрийг тодорхой түвшинд гаргаад ирчихсэн байгаа шүү дээ. Магадгүй өмнө жүжигчнээс нь дутуудуулчих вий гэх айдас танд байна уу?

-Харин тийм. Энэ бол жүжигчдэд маш том хариуцлагыг үүрүүлдэг зүйл. Ер нь бүх жүжиг дээр л тийм шүү дээ. Дүр дээрээ ажиллаж эхлэхээсээ айдастай эхэлдэг шүү дээ. Өмнөх жүжигчнээс нь дутуудуулчих вий дээ, өөрийн хэмжээнд тултал нь хийх ёстой. Тэндээс л дүнгээ тавиулна. Тиймээс миний зүгээс чадахаараа л хичээнэ гэж бодож байгаа. Тайзны жүжгийн тухайд, олон түмэнд хүрсэн гол дүр авч ажиллаж байгаа анхны уран бүтээл маань гэж хэлж болно. Оюутан байхдаа ч юм уу төгссөнийхөө дараа жүжгүүдэд оролцож байсан. Гэхдээ өргөн хэмжээнд, даацтайгаар ч гэх юм уу ажиллаж байгаа анхны уран бүтээл л дээ.

-Нэгэн бодлын миний мөрөөдөл биелж байна. Шүтэж, бахархаж явдаг уран бүтээлчтэйгээ нэг уран бүтээл дээр зэрэгцэн тоглож, тайзан дээр харилцана гэдэг бол уран бүтээлч хүний хувьд зол завшаан-

-Жүжгийн агуулга талаас үзэгчид юуг олж хараасай гэж бодож байна?

-Шөнө дундын бүжиг жүжиг бол +16 жүжиг шүү дээ. Жүжиг нь өөрөө маш олон талын performance-с бүрдэнэ. Нүд баясам олон зүйлсээс бүрдэнэ. Хоёрдугаарт, зохиол нь маш гоё. Хүмүүс ирж үзээд өөр өөрийн харсан өнцгөөс жүжгийн агуулгыг ойлгох байх. Би урьдчилж ярьж өгөх гээд яахав. Гэхдээ энэ жүжгээс маш олон зүйлийг харж болно. Гоё урлагийн ферформэнс, өнөөгийн нийгмийн байгаа байдал, сайн муу хүмүүсийн ялгаа, бүх хүний нүдэн дээр амьдардаг гайхалтай эрч хүчтэй бүсгүйн эмгэнэлт хувь тавиланг, өрсөлдөөнийг ч харж болно. Хүн бүр энэ жүжгийг ирж үзэхдээ энэ бүгдээс өөр өөрийн өнцгийг мэдэрч харах боломжтой уран бүтээл.

-Тайзны уран бүтээл гэлтгүй бүх л уран бүтээл багийн тоглолт шүү дээ. Хэр чанга баг бүрдсэн гэж харж байна?

-Чангаар барах уу. Найруулагч маань ч сонгосон дүрүүддээ сэтгэл хангалуун байгаа болов уу гэж бодож байгаа. Кино уран бүтээлээр нь таних болов уу Н.Нархажид дүү маань байгаа. Н.Нархажид бид хоёрын тухайд тайзны тал руугаа сорьсон томоохон бүтээл болж байна. УДЭТ-ын жүжигчин Д.Асардарь, Т.Сэргэлэн нар нь тайзны тал дээр туршлагатай жүжигчид учраас огтоос эргэлзэхгүй байгаа. Дээрээс нь нэг гоё зүйл байгаа. Манай жүжиг таван гол дүртэй. Түүний нэг нь Ц.Төмөрбаатар гуай. 2012 онд "Сэрүүн хасны нууц" жүжгийг тавьж байхад Ц.Төмөрбаатар гуайтай цуг авхуулсан зураг байдаг юм. Шүтдэг жүжигчинтэйгээ цуг авхуулж байсан зураг шүү дээ. Нэг бодлын миний мөрөөдөл биелж байна.

Шүтэж, бахархаж явдаг уран бүтээлчтэйгээ нэг уран бүтээл дээр зэрэгцэн тоглож, тайзан дээр харилцана гэдэг бол уран бүтээлч хүний хувьд зол завшаан шүү дээ. Ц.Төмөрбаатар гуайтай цугтаа нэг жүжигт тоглож буй минь нэр төрийн хэрэг. Найруулагчаас гадна ахмад уран бүтээлчийн хувьд зөвлөх тал дээр ч гайхалтай уран бүтээлч байна лээ.

-Таны тайзны уран бүтээлийн анхны гол дүр үү?

-Жүжигчин хүн чаддаг бол бүх л төрөл жанрууд дээр чадах зүйлээ харуулах ёстой гэж боддог. Тайз, дэлгэцийн хувьд иймэрхүү юм байна шүү гэдгээ мэдэж, мэдрэнэ шүү дээ. Мөн түүнчлэн "X Түц продакшн"-ы уран бүтээлчдийн баримталдаг зарчим бол бүхий л жанрт болж л өгвөл тоглодог байх юмсан, түүний төлөө хичээх юмсан гэх зарчим. Энэ утгаараа манай продакшн "Сэрүүн хасын нууц", "Аянгын бороо" гэх мэт олон жүжгийг тавьж байсан шүү дээ. Миний хувьд ч тайзны бүтээл дээр ажиллаж байгаагийн хувьд өөрөөс гарч болох бүх л хүчээ шавхаж ажиллах юмсан гэж бодож байна. Маш хариуцлагатай санал ирсэн гэж хүлээн авсан.

-"Хэрмэл жүжигчид" кино бидний мөрөөдөл байсан-

-Таныг олон нийт кино уран бүтээлээс гадна "X Түц продакшн"-ы жүжигчин гэдгээр нь таньдаг болсон байна. Ер нь жүжигчин мэргэжил, "X Түц продакшн"-тай холбогдсон түүхээ сонирхуулбал?

-Хүүхдийн ордын драмын дугуйланд явдаг байсан. Аравдугаар ангиа төгсөх үед одоо Өрийн дэвтрийг цуг хөтөлдөг Баясаа ах, Фантастик продакшны Баярбат ах, Ганчимэг, Оюука, Чука эгч бид нар нэг үеийн л жүжигчид байсан. Тухайн үед Өлгийтэй инээд зэрэг жүжиг тавьж байсан. Хүүхдийн ордны тайзан дээр тухай үед Аглуу, Одноо, Онон байлаа шүү дээ, бид. Тэр үеэс л мөрөөдөл маань намайг урлаг руу хөтөлсөн. Жүжигчин болохыг хүсч СУИС-д шалгалт өгч тэнцээд түүгээрээ сурч төгссөн. Сургуулиа Лхамхүү багшийн удирдлага дор 2011 онд төгсөж байсан. Сургуулиа төгссөнөөс хойш нэг жилийн хугацаанд лааз өшиглөж явсан даа /инээв/. Ажил олддоггүй. Ер нь жүжигчин мэргэжлийн ажлын байр тун ховор шүү дээ. Бод л доо. Жилд жүжигчин мэргэжлээр 200 гаруй хүүхэд төгсдөг. Гэтэл ганцхан театртай, 5-6-хан продакшнтай. Яг жүжигчин мэргэжлээр ажиллая гэвэл маш их өрсөлдөөн дундаас л гарч ирдэг. Сургууль дөнгөж төгссөн хүүхэд кино хийгээд явна гэдэг ч хэцүү шүү дээ. Хөрөнгө мөнгөний тухайд ч тэр. Тийм болохоор өөрийгөө их азтай гэж боддог. 2012 оны сүүлээр "X Түц" продакшнд орж байлаа. Олон зүйлийг сурч байсан. Анх намайг ороход одоогийн "Эмоци продакшн"-ы уран бүтээлчид бүгд л "X Түц" продакшнд байсан. Дүр олддоггүй л байлаа. Дээрээсээ Онон, Аглуу ах нар дүрээ авдаг, ард нь бидэнд барагтай дүр олддоггүй байсан. Тэр дундаас их зүйл сурдаг юм билээ. Туршлага, техник, уран бүтээлч сэтгэлгээг сурсан. Хүсэж сурсан мэргэжил маань.

-Энэ онд уран бүтээлийн олз омог дүүрэн байх шиг байна. Саяхан "Хэрмэл жүжигчид" киногоо нээсэн шүү дээ?

-Найз нөхдөөрөө "In da house", "Товчхондоо" зэрэг уран бүтээлүүд дээр ажиллалаа. "Хэрмэл жүжигчид" кино бидний мөрөөдөл байсан. Учир нь бидэнд түүхэн комеди кино хийж үзэх юмсан гэх хүсэл байсан. Цогтоо, Жижгээ, Тагтаа, Баясаа бид нар бол нэг л үеийн залуус шүү дээ. Энэ хүсэл маань биелж, киногоо хийсэн. Кино маань амжилттай хүмүүст хүрсэн. Олон нийтээс үнэлгээгээ аваад байж байна. Удахгүй IP TV-д байршуулах гэж байгаа.

-Таньтай уулзахаар асууя гэж бодсон нэг зүйл байна. Сүүлийн үеийн кино уран бүтээлүүд дээр энд тэндээс хуулбарлалаа гэх шүүмжлэл их гарах болсон. Энэ шүүмжлэл танай кинонуудыг ч тойроогүй?

-Тийм ээ. Жишээлбэл, "In da house" киног маань Extreme job киног хуулбарласан гэж их ярьдаг л даа. Нэг идеа санааг бүх төрлөөр хийж болно биз дээ. Шүүмжлэх нь зөв. Гэхдээ Extreme job киноноос өмнө Хятадад ч энэ байдлаар хийгдэж байсан. Орон орны хоолны соёлоор гарч ирж байгаа кино. Жишээлбэл, Хятадад хавч, Солонгост шарсан тахиа гэдэг ч юм уу. Харин манай хоолны соёлд цуйван ч байдаг учраас түүгээр хийж байсан. Гэхдээ киног үзээд бидний хийж байгаа киноноос жоке, passline-ууд, зохиолын эргэлтийг харвал өөр шүү дээ. Удахгүй "In da house 3" киног хийх гэж байгаа. Энэ бол манай монгол уран бүтээлчдийн дэвшүүлж байгаа хувилбар. Хуулбар уу, хувилбар уу гэвэл бидний зүгээс хийж байгаа хувилбар гэж хэлнэ.

-Бид өөрсдөө нийгэмд яаж лаа асааж чадах вэ гэдэг нь чухал учраас "Өрийн дэвтэр" влогоо хийж эхэлсэн-

-Олон нийт сонирхож байгаа байх. Жүжигчин Баясаа та хоёрын "Өрийн дэвтэр" влог завсарлачихсан байна уу. Эсвэл хувь хувийн уран бүтээлдээ анхаараад влогоо хийх завгүй явна уу?

-"Өрийн дэвтэр" влог маань өнгөрсөн жилийн наадмаас хойш хийгдээгүй. Бид чинь өөрсдөө уран бүтээлээ бас хийх ёстой шүү дээ. Тиймээс түр завсарласан байгаа. Өчигдөрхөн миний фэйсбүүкийн меморис дээр гарч ирсэн. Бид хоёр анх

Өрийн дэвтэр гэх 16 минутын богино хэмжээний влог хийхдээ нэг л дугаар хийнэ гэж бодож байсан. Гэтэл нэг шөнийн дотор нэг сая үзэлт авчихсан. Энэ цагаас хойш нийт 40 дугаар хийсэн байна. 300 гаруй айл өрхийн өрийг өрийн дэвтрээс нь даралцсан, нэг оюутны дөрвөн жилийн сургалтын төлбөрийг хийхэд тусалсан байна. Өрийн дэвтрийг цаашид ч хийнэ.

Энд нэг зүйлийг хэлэхэд, Монгол Улсаа бид өөр өөрсдийн гар бие оролцож байгаа салбараараа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг чухал шүү дээ. Мөн бусдадаа яаж уриалж чадах вэ. Баясаа ах бид хоёрын дуугарч, хийж чадах зүйл нь энэ байсан. Нийгэмд влогоороо дамжуулан эерэг мессэж өгөхийг хүсдэг. Заавал нийгэм хэцүү байна гээд улс төр, дээр сууж буй хүмүүс рүү орилох биш. Харин бид өөрсдөө нийгэмд яаж лаа асааж чадах вэ гэдэг чухал. Тиймээс чадах хэмжээндээ дуу хоолойгоо хүргэе гэж зорьсон хамгийн хайртай влог маань. Влогоо зургаадугаар сараас хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Таны өмнө хэлсэнчлэн жүжигчин мэргэжил бол өрсөлдөөн дундаас гарч ирэх салбар. Ярилцлагын төгсгөлд та шинээр төгсөж байгаа залуустаа хандаж юун дээр анхаараасай гэж хэлмээр байна?

-Эхлээд өөрийнхөө сэтгэлийн дуудлагыг маш сайн сонсоорой гэж хэлмээр байна. Би жүжигчин болох хүн мөн үү гэдгээ. Надад шантарч байсан үе зөндөө бий. Өмнө нь хэлсэнчлэн сургуулиа төгсөөд нэг жил лааз өшиглөөд л явах үе байсан. Нэг дурсамж яръя л даа. Их сургуулиа төгсөөд би ажил хайж яваад нэг телевизэд ажилд орсон. Тэгсэн цалин маань арай л болж өгдөггүй ээ. Тэгээд нэг фм-д шалгалт өгтөл хариу ч өгдөггүй. Тэр байтугай үүрэн холбооны компанид оператор хийхээр шалгалт өгөөд ч тэнцээгүй. Тухайн үед "Би чинь яачихсан азгүй юм бэ" гээд бодож шантарч байсан. Гэхдээ чиний ээлж ирнэ. Өөрийгөө маш сайн сонсоорой. Бас маш зоригтой байгаарай. Хиймээр байгаа зүйлээ л хий. Хийсэн хүн л бусдаас магтаал, шүүмжлэл сонсоно шүү дээ. Тэгж байж л алдаагаа харна. Нэг ийм үг байдаг даа. "Шинээр эхэлнэ гэдэг буруу зүйл биш. Ахиад шинээр эхлэхдээ та туршлагатайгаар эхлэх болно" гээд. Өмнөхөө бодвол арай илүү туршлагатайгаар эхэлнэ гэсэн үг шүү дээ. Би амжилтад хүрчихээд хэлээд байгаа биш шүү. Миний олж мэдсэн зүйл бол өөрийнхөө бодож байгаа бүхнээ хийгээд, оролдоод үзээрэй л гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

“Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ
“Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.