Ардчилсан намыг тамга тэмдэг, дарга цэргийн маргаанаа арай гэж дуусгаад нэг туг дор нэгдлээ гэж олон хүн баярлаж буй. Монголын улс төрийн тулгуур болсон хоёр баганын нэг нь уруудан доройтох нь ард түмэнд ямар хортойг. Цаашлаад ардчилалд ямар гарзтайг монголчууд өнгөрсөн гурван жилд хангалттай үзэж туулсан болохоор тэр юм.
Гэтэл сүүлийн үед АН дахиад дотроо үл ойлголцоод эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, намын шинэ дарга Лу.Гантөмөрийгөө намын залуучууд нь хуучин МАНАН-г, нөгөө л нэг ах нарыгаа эргүүлээд цуглуулаад эхэллээ гэж буруутгах болжээ.
Товчхондоо Лу.Гантөмөр даргын “зовлон” жинхэнээсээ эхэлж буй нь энэ бололтой. Лу.Гантөмөрийг дарга болсон цагаас эхлээд л намын генсек Ч.Өнөрбаярыг солих тухай яриа гарч С.Эрдэнэ, Х.Баттулга нарын талаас хүмүүсээ зүтгүүлж байсан. Гэвч Лу.Гантөмөр генсекээрээ Ч.Өнөрбаярыг сонгосон хэвээрээ байгаа. Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурц хажуугаас нь салахаа больсон, “Сахал” Д.Эрдэнэбилэгийн ХХБ-ны захирал Б.Орхон, Банзрагч нартай уулзалт хийх болсон гэх зэргээр МАНАН-г буцаагаад биежүүлж буйд нь дургүйцэж эхэлжээ. Ялангуяа Женко талынхан үүнийг хүчтэй эсэргүүцэж эхэлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, “Ардын намынхан залуу үедээ халаагаад өгч үеэ солиод аль хэдийнээ урагшилчихсан. Манайх буцаагаад МАНАН-гаа амилуулж байхад тэд МАНАН-гаасаа аль хэдийнээ салчихсан” хэмээн залуучууд өнгөрсөн амралтын өдрүүдэд асуудал хөндсөн сурагтай.
Үүнээс гадна тамга, тэмдэг болон гэрчилгээний асуудлаа шийдэхдээ Лу.Гантөмөр Женко Х.Баттулга болон С.Эрдэнэтэй тохироо хийсэн. Гэтэл нөгөө хоёр нь намын удирдлагын бүтцийн ихэнх хувийг авна гэж дөргүй бух шиг зүтгэсээр байгаа. Хэн нэгнийг нь оруулбал, нөгөөх нь орохгүй гэж гэдийж буй гэнэ. Энэ маргаан нь цаашлаад ҮХНӨ-ийн дараа намын нэрийн жагсаалт, тойрогт нэр дэвших квот зэргээр үргэлжилнэ. Нөхцөл байдлыг хурдан шийдэж дотоод асуудлаа эмхлэхгүй бол сонгуулийн бэлтгэл хаяанд ирчихсэн гэх зэрэг олон асуудлууд Лу.Гантөмөр даргыг хүлээж байна.
Х.Баттулга, С.Эрдэнэ хоёрыгоо зохицуулж амжаагүй байхад МАНАН гэж нэрлэгдээд буй хууччуултай ойртлоо хэмээн залуучууд нь дургүйцэж, Женко нь уурлаад эхэллээ. Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл АН-ын асуудал ахиад түжигнэж эхлэх нь...