Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт өнгөрсөн сарын 27-ны өдөр гарсан түймэр Чулуунхороот, Гурванзагал сумын нутгийг хамарсан. Тэгвэл түймрийг унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0132 дугаар ангиас 60 алба хаагч ажиллаж байгаа бөгөөд найман албан хаагч түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн талаар ОБЕГ-аас мэдээлсэн. Албан хаагчдын биеийн байдал ямар байгаа талаар Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэлийн албанаас асууж тодрууллаа.
-Түймрийн нөхцөл байдал одоо ямар байна вэ?
-Өдрийн 11.00 цагт ассан түймэр зүүн урдаас баруун хойш чиглэлтэй дэгдэж, хилийн 6 салбарын хариуцсан хэсгийг хамарсан. Түймэр унтраах явцад тус ангийн хилийн цэргийн 0278 дугаар салбарын 1 офицер, 4 ахлагч, 3 хугацаат цэргийн алба хаагч түлэгдэж Чулуун хороот сумын эмнэлэгт анхан шатны тусламжийг авсан. Хил хамгаалах ерөнхий газрын эрүүл мэндийн алба, Гэмтэл согог судлалын түлэнхийн төвийн эмч нарын бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг 05 дугаар сарын 02-ны өдөр шуурхай нислэг үйлдэж, 1 ахлагч, 3 хугацаат цэргийн алба хаагчийг Түлэнхийн үндэсний төвд татан авч эмчлүүлж байна. Цэргийн алба хаагчдын хувьд нүүр, хүзүү, гарын хэсэг түлэгдэлтэй байгаа бөгөөд шаардлагатай эмчилгээ хийгдэж байна.
-Түймэр ямар шалтгаанаас болж гарсныг тогтоосон уу. Нийтдээ хэдэн га газрыг хамраад байна?
-Хээрийн түймэр улсын хилээс 10-15 км зайд 45 км өргөн, 195 км урттайгаар ассан. Хилийн хэд хэдэн хэсгээр улсын хил давсан бөгөөд нийт 923,000 га газар шатаад байна. Хээрийн түймэр алдсан шалтгааныг Улсын онцгой комисс тогтоохоор ажиллаж байгаа.
-Цэргийн албан хаагчдын биеийн байдал хэвийн гэж үзэж болох уу?
-Нэг алба хаагч 38 хувийн түлэгдэлтэй байна. Бусад нь ил буюу нүүр гар хэсэг түлэгдсэн байна.
Нэмэлт мэдээлэл, Чойбалсан сумын Энгэр шанд, Хөх нуур багийн 25 малчин өрхийн 16 орчим нь гэр, сууц, 20 хашаа хороо, 1000 орчим мал, Гурванзагал сумын зургаан айлын гэр, сууц, 12 айлын хашаа хороо, 2100 орчим мал түймэрт өртжээ.