Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Эрт илрүүлгийн хугацаа дуусаагүй, цаашид үргэлжилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 21 секунд

Өнгөрөгч 2022 оны тавдугаар сарын 01-нээс эхлэн Монгол Улсын Засгийн газар иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулах шийдвэр гарсан ба өдгөө бүтэн жилийн нүүрийг үзэж буй. Энэ хугацаанд Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувь болох нэг сая иргэн эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамрагджээ.

Гэвч иргэдийн дунд эрт илрүүлгийн хугацаа дуусч байгаа гэх мэдээлэл тархсан бөгөөд эрт илрүүлэгт хамрагдаж амжаагүй иргэд бухимдалтай байгаа юм. Иймд бид СХД-ийн ЭМТ-өөс эрт илрүүлгийн үзлэг оношилгоо цаашид үргэлжлэх эсэх асуудлаар болон мэргэжлийн эмч нарын зөвлөсөн зөвлөмж мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Эрт илрүүлгийн хугацаа дуусаагүй, цаашид үргэлжилнэ

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан, "Эрт илрүүлэх үзлэг оношилгоонд 0-с дээш насны бүх хүмүүсийг хамруулах журам батлагдсан. Өнгөрсөн оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эрт илрүүлгийг бүтэн жилийн хугацаанд зохион байгуулсан. Гэхдээ ирэгдийн дунд энэ оны тавдугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлээд дуусна гэх мэдээлэл байгаа ч дуусаагүй цаашид үргэлжилж байгаа. СХД-ийн хэмжээнд 60 гаруй мянган иргэн хамрагдсан байна.

Эрт илрүүлгийн гол зорилго бол халдварт өвчлөлүүд болон бхорт хавдрыг эрт илрүүлэх зорилготой. Гэтэл 18-34 насныхан эрт илрүүлэгт хамрагдахгүй байна. Хэрэв ямар нэг өвчтэй бол эрт илрүүлж байж эмчилгээндээ орох боломжтой шүү дээ.

Гэтэл иргэд ЭМД-аа төлөөгүйгээс үүдэн эрт илрүүлэгт хамрагдахгүй байх тохиолдол байна. ЭМД жил 66 мянган төгрөг байдаг. 2019 оноос хойш даатгалаа бүрэн төлснөөр эрт илрүүлэгт хамрагдах боложтой. Эрт илрүүлгийн үзлэг оношилгооны төлбөр ойролцоогоор 200-250 мянган төгрөг болж байгаа. Нэг иргэнд 20 гаруй шинжилгээ хийж буй. Гэтэл ЭМД-аа бүрэн төлснөөр үнэ төлбөргүй хамрагдах бүрэн боломжтой болж байгаа юм.

Эрт илрүүлэгт хамрагдахгүй байгаа иргэдийг авч үзэхээр оюутан, залуусын хамрагдалт хамгийн бага байна. Яагаад эрт илрүүлэгтээ хамрагдахгүй байгаа вэ гэхээр оюутан залуус маань ЭМД-аа төлөөгүй байдаг. Тиймээс дүүргийн хэмжээнд гурван их, дээд сургуульд албан бичиг хүргүүлж, оюутнуудыг хамруулах хүсэлт тавихад ихэнх нь даатгалгүй байна. Өмнө нь их дээд сургуулиуд төлбөр төлөлтөөс нь даатгал суутгадаг байсан бол одоо тийм байхаа больсон. Тиймээс даатгалаа төлөөгүй учраас хамрагдах боломжгүй болж байгаа юм. Тиймээс БШУЯ-аас энэ асуудалд дорвитой арга хэмжээ авч, оюутан залуусаа эрт илрүүлэгт хамруулах шаардлагатай байна" гэлээ.

Тэгвэл урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багцийн мэдээллийг хүргэж байна.

Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  • Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,
  • Эмнэл зүйн иж бүрэн үзлэг:
  • Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ
  • Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ.
  • Сэтгэц, зан төрхийн үнэлгээ:
  • Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:
  • Дүгнэлт бичих
  • Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 18 сартай (1,6 нас)-гаас эхлэн хүргэнэ.

Багц 2: 6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  • Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,
  • Эмнэлзүйн үзлэг:
  • Биеийн хэмжилт, БЖИ:
  • Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ:
  • Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ:
  • Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:
  • Дүгнэлт бичих
  • Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Сургуулийн насны хүүхэд энэ багцад багтсан тусламж, үйлчилгээнд жил бүр хамрагдана.

Багц 3: 18-30 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  • Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
  • Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  • Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
  • ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
  • Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  • Зүрхний цахилгаан бичлэг,
  • Цээжний рентген зураг
  • Эмчийн үзлэг
  • Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  • Дүгнэлт
  • Зөвлөгөө

Багц 4: 31-45 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  • Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
  • Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  • Өлөн үеийн глюкоз,
  • Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
  • ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
  • Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  • Эсийн шинжилгээ –ПАП тест,
  • Хэвлийн хэт авиа,
  • Бамбайн хэт авиа,
  • Хөхний хэт авиа,
  • Зүрхний цахилгаан бичлэг,
  • Улаан хоолой, ходоодны дуран,
  • Цээжний рентген зураг
  • Эмчийн үзлэг:
  • Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:
  • Дүгнэлт
  • Зөвлөгөө

Багц 5: 46-60 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  • Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
  • Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  • Өлөн үеийн глюкоз,
  • Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
  • Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  • Эсийн шинжилгээ –ПАП тест,
  • Хэвлийн хэт авиа,
  • Бамбайн хэт авиа,
  • Хөхний хэт авиа,
  • Зүрхний цахилгаан бичлэг,
  • Улаан хоолой, ходоодны дуран,
  • Цээжний рентген зураг
  • Эмчийн үзлэг
  • Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  • Дүгнэлт
  • Зөвлөгөө

Багц 6: 61-ээс дээш насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  • Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
  • Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  • Өлөн үеийн глюкоз,
  • Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
  • Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  • Хэвлийн хэт авиа,
  • Бамбайн хэт авиа,
  • Хөхний хэт авиа,
  • Зүрхний цахилгаан бичлэг,
  • Улаан хоолой, ходоодны дуран,
  • Цээжний рентген зураг
  • Эмчийн үзлэг
  • Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  • Дүгнэлт
  • Зөвлөгөө

Тэгвэл СХД-ийн ЭМТ-ийн Сүрьеэгийн эмч Д.Нандин-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.

Бага насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл зонхилж байгаа бол өсвөр насныхны дунд бэлгийн замын өвчлөл зонхилж байна

Тэрбээр, "18-34 насны иргэдийн эрт илрүүлгийн хамрагдалт маш муу байна. Энэ жилийн гол зорилго бол залуусаа эрт илрүүлэгт хамруулах гэдэг асуудал байгаа. Түүнээс гадна 0-18 насны хүүхдүүдийн дунд зонхилж буй өвчин бол шүдний өвчлөл байгаа юм. Мөн нүдний хараа алдагдал гэх өвчлөл зонхилж байна. Эцэг эхчүүд эдгээр өвчлөлийг төдийлөн анхаарч, мэдэхгүй байна.

Сүүлийн үед өсвөр насны тэр дундаа 14, 15 настай охидын дунд жирэмслэл их байна гэх мэдээлэл цахим орчноор болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байна шүү дээ. Тиймээс дүүргийн хэмжээнд 7-12 дугаар ангийн 16 мянга гаруй хүүхдийг үзлэгт хамруулахад, шээс болон бэлгийн замын өвчлөл их байна. Мөн бэлгийн замаар дамжих халдвар 1-2 удаа илэрсэн" гэсэн юм.

Харин Даатгалын эмч Б.Гүнжлхам "18-аас дээш насныхны хувьд улаан хоолой, ходоодны үрэвсэл, бамбайн өвчлөл хамгийн их тохиолдож байгаа. Мөн бөөр, зүрх судасны өвчлөл тэргүүлж байна. 0-17 насны хүүхдүүдийн хувьд өрхийн эмнэлэг болон сургуулиараа дамжуулан эрт илрүүлэгт хамрагдаж байгаа.

Ялангуяа 18-34 насныхан ямар оочер дараалалгүй, нэг өдөртөө багтаад шинжилгээнүүдээ өгөх боломжтой. Гэтэл оюутан залуусын хамрагдалт тааруу байна. Мөн ходоодны дурангаар болон умайн хүзүүний эсийн шинжилгээгээр хавдруудыг илрүүлж байна. Эрт илрүүлэг одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд өмнөх журмаас өөрчлөгдсөн зүйл байхгүй байгаа. Бид өвдсөн хойно нь биш урьдчилан сэргийлдэг байя гэдгийг уриалах нь зүйтэй. " хэмээв.

Эрүүл явбал мянган лан гэдэг. Гэвч эрт илрүүлгийн үзлэг оношилгоог улс орон даяар үнэ төлбөргүй зохион байгуулж буй ч иргэдийн идэвх оролцоо муу байгаа юм. Тэр дундаа залуусын идэвх муу байгааг мэргэжлийн эмч нар хэлж байгаа төдийгүй зөвхөн ЭМД-аа төлснөөр эрт илрүүлэгт харьяалал харгалзахгүйгээр хамрагдах боломжтой.

Түүнээс гадна эрт илрүүлгийн үзлэг оношилгооны хугацаа дуусаагүй, цаашид үргэлжилж буй бөгөөд энэ хугацаанд эрүүл мэнддээ анхаарал тавьж, өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулахыг уриалж байна.

ӨНӨӨДӨР: Улаанбаатарт +9 хэм дулаан байна
ӨНӨӨДӨР: Улаанбаатарт +9 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.