Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдыг хуулийн дагуу томилсон эсэх, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх зорилго бүхий Шүүр ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар Засгийн газрын харьяа 16 яам, 39 агентлаг, бүх шатны засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд дээр 6187 зөрчил илэрчээ.
Эдгээр нь төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж буй дарга нараас илэрсэн зөрчил гэдгийг ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж өнөөдөр мэдээллээ. ЗГХЭГ-ын даргаас төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниудад албан тоот илгээж, хууль журам дагуу томилогдоогүй, авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг чөлөөлөх үүрэг өгсөн. Гэтэл удирдах албан тушаалтнууд төрийн үйлчилгээний албан хаагчдад уг албан тоотыг хавтгайруулж хэрэглэжээ. Тиймээс уг албан тоотын заалтууд төрийн үйлчилгээний салбарт ажиллаж буй багш, эмч нарт бус дарга, удирдах албан тушаалтанд хамаарна гэдгийг тодотголоо. Хэрвээ 11 шаардлага бүхий албан тоотыг буруугаар ашиглаж, албан хаагчийг хэлмэгдүүлсэн бол хариуцлага тооцно гэдгийг мэдэгдлээ.
Мөн тэтгэвэр тогтоолгосон ч төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа эмч, багш нар төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль болон төрийн албаны зөвлөмж дагуу гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа учраас ажлаас чөлөөлөх шаардлагагүй юм байна. Ялангуяа хүний нөөцийн хомстолд орсон эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж буй төрийн үйлчилгээний албан хаагчид урилгаар ажиллаж байгаа учраас тэдгээрийг ажлаас чөлөөлөхгүй гэдгийг мэдээлж байна. Шүүр ажиллагаа төрийн доод шатаас эхлэн нөхцөл байдал ямар байгаа талаар тайлан мэдээлэл хүлээн авсан учраас ирэх долоо хоногоос эхлэн төрийн захиргааны төв байгууллага болох яамд руу хяналт шалгалтын ажил хийж эхэлнэ.