Шожи Моримото хэмээх 38 настай япон залуу өөрийгөө түрээслэж мөнгө олдог. Хийдэг ажил нь юу ч хийхгүй залхуурах. Хүмүүс түүнийг авчирч юу ч хийлгэхгүй хажуудаа байлгахын тулд мөнгө төлнө. Нэг захиалга 10.000 иен (70 орчим доллар) үнэтэй. Дээр нь замын зардал, хоол ундаа даалгана. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 4.000 захиалга авч 280 мянган долларын орлого олжээ.
Зүгээр л хамт чимээгүй суугаад кофе уух, хамт хөгжим сонсох, төрсөн өдрийн бялуу хуваалцах, дэлгүүр хамт хэсэх зэрэг үйлчилгээг тэр үзүүлж байжээ.
Гэхдээ хамт гэр цэвэрлэх, хувцас угаах, нүцгэн зургаа авхуулах, хэн нэгний найз болох зэрэг хүсэлтүүдээс татгалзаж байснаа Моримото ярьж байна.
Япон улсын нийгэмд хүмүүсийн ганцаардал том асуудал болдог. 2020 онд тус улсад сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа амиа хорлолт нэмэгдэхэд засгийн газар нь “Ганцаардал хариуцсан сайд” хэмээх албан тушаалыг бий болгож, хүн амын бууралт, орон нутгийн дахин суурьшил хариуцсан сайдад ажил үүргийг нь давхар хариуцуулж байжээ.