Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Худалдан авах ажиллагааны зарчимд нэг зүйл зөрж байна. Эм эмнэлгийн хэрэгсэлд хамгийн бага үнэ гэдэг зарчмаар явахаар хамгийн чанаргүй нь орж ирдэг. Яг ижил нэртэй, ижилхэн үйлчилгээтэй. Хоёр өөр үнэтэй. Хавдрын эмнэлэгт хийдэг химийн нэг тариа 60 мянган төгрөгийн үнэтэй. Улсын төсвөөр худалдаж авч байна. Тэр тариаг 2-3 тариулахад бүх биений үс унана. Хордлогын шинжүүд илэрнэ. Гэтэл өөр улсад энэ тариаг аваад тарихад тийм их хэмжээний хордлого өгөхгүй.
Чанартай эм аваач гэхээр хамгийн бага үнийн зарчмаар орж ирж байна. Илүү чанартайг нь авъя гэхээр үнэ нь бага байтал өндөр үнэтэйг нь авчихлаа гээд гомдол гаргаад шүүх цагдаа болдог гэсэн. Энэ зүйл нь эмийн асуудалд үйлчлэхгүй гэдгийг эмийн хуулинд тусгаж өгөхгүй бол болохгүй нь" гэлээ.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Ш.Раднаасэд гишүүн их чухал санал хэлж байна. Засгийн газраас "Эм эмийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэх, чанар стандартыг сайжруулах" ажлын хэсэг байгуулж байгаа юм билээ. Ер нь стандартын асуудлыг л сайн авч хэлэлцэх ёстой юм байна. Ажлын даалгаваруудаа өгч чадахгүй болохоор чанаргүй байгууллагууд нь ороод ирдэг. Гэрээ байгуулаад л чанаргүй бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг" гэлээ.