Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах, хөрөнгө оруулалтыг сэдэлжүүлэх нь бидний гарц

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 51 секунд

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг зохион байгуулж байна.

Форумыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээж “Нийслэлийн хөгжлийн бодлоготой уялдсан томоохон төсөл хөтөлбөр, эдийн засгийн үр өгөөжтэй бизнесийн саналуудаа хөрөнгө оруулагч, түншүүд, хамтын ажиллагаатай хотууд, баялаг бүтээгчдэд танилцуулах нь энэ арга хэмжээний зорилго юм” гэлээ. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч, “Премиум корпораци”-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг нар форумын нээлтийн цанг цохисон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах, хөрөнгө оруулалтыг сэдэлжүүлэх нь бидний гарц

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлт-Улаанбаатар” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Шинэ сэргэлт Монголчуудын, Улаанбаатарчуудын шинэ хандлагаас, асуудлаа харж буй өнцгөөс эхэлнэ гэдгийг Ерөнхий сайд илтгэлдээ онцолж байлаа. Тэрбээр:

-Асуудлыг ил тод, нээлттэй, шилэн, олон улсын стандартад нийцүүлсэн, тогтвортой байдлаар шийдэх ёстойг өнгөрсөн 30 жилийн түүхээс бид харлаа. Бид нүүрс, зэс дээр тогтдог эдийн засагтай. Энэ агуулгаараа түүхий эдийн үнэ бидний амьдралд, эдийн засагт шууд нөлөөлдөг. Нөгөө талаараа бид хөгжлөө урт хугацаанд төлөвлөхөд ч сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ энэ тогтворгүй, гадаад хүчин зүйлээс хамааралтай асуудлыг бид цахим технологи, ухаалаг шийдлээр давж гарах эхлэлийг тавьж байна.

Монгол Улсыг нэг айл гэж авч үзвэл, урсгал зардал 80 хувийг, хөрөнгө оруулалт 20 хувийг л эзэлж байна. Нийслэл Улаанбаатар хотын хувьд ч адил. Тиймээс бид урсгал зардлаа хэрхэн багасгах вэ, хөрөнгө оруулалтаа хэрхэн нэмэх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Ингэхийн тулд төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах, хөрөнгө оруулалтыг сэдэлжүүлэх, төрийн хийж чадахгүй байгааг хувийн хэвшил хийх боломжийг бүрдүүлэх нь бидний гарц. Улаанбаатар хотын хувьд ч томоохон бүтээн байгуулалт, асуудлыг шийдэх төсөл дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулах, хамтдаа шийдэх, миний чиний бус, бидний гарц гэж харж байж шинээр сэргэнэ хэмээлээ.

Хотын дарга Д.Сумъяабазар: Мега төслүүдийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагчдад санал тавьж, хамтран ажиллана

Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, түншлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрбээр:

-Бид хотын хөгжлийн одоогийн түвшин ямар байгаа, хаана хүрэхээ тодорхойлох үүднээс “Хотын хөгжлийн индекс”-ийг олон улсын жишигт нийцүүлэн тооцоолж үзсэн. Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тооцохдоо тогтвортой байдал, амьдрах орчны чанар, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэсэн үзүүлэлтийг авч үзэхэд 0.464 байна. Үүн дотроос өрсөлдөх чадварын индекс хамгийн бага буюу 0.294 байгааг онцлох хэрэгтэй. Олон улсын түвшинд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч топ 10 хоттой харьцуулахад Улаанбаатар хотын индекс хоёр дахин бага байна. Энэ индексийг 2025 онд 0.572-д, 2030 онд 0.626, 2050 он гэхэд 0.931-д хүргэхээр зорьж байгаа.

Хотын хөгжлийг хязгаарлаж буй бас нэгэн хүчин зүйл нь авто замын түгжрэл. Улаанбаатар хотын хувьд авто замын төлөвлөлтийг зайлшгүй өөрчлөн, босоо чиглэлд холбоос авто замыг барих, хотыг хоёр хувааж байгаа төмөр зам доогуур нүхэн гарц, дээгүүр гүүрэн гарц барих, хүн амын зорчилтыг зохистой харилцаанд хүргэх, ачаа тээврийг хотын нутаг дэвсгэрээс тойруулах зорилгоор тойрог замын ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн үйлчилгээг цахимжуулж, үйлчилгээний шат дарааллыг багасган, хүртээмжийг сайжруулах зорилт тавьж, цахим засаглалыг хөгжүүлнэ. Энэ хүрээнд дижитал хот төслийг хэрэгжүүлж, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай, аюулгүй, ухаалаг хот байгуулахад шаардлагатай мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтцийг бий болгох юм. Энэ хүрээнд бид үндэсний тэргүүлэгч 70 гаруй технологийн компани 1000 гаруй инженертэй хамтран ажиллаж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт хотын хүн амын өсөлт, төвлөрөлтэй уялдаагүйгээс асуудлыг шийдвэрлэх хэмжээнд бус, бага багаар торгоох, нөхөх хэмжээнд л байна. Улаанбаатар хотын хүн ам улсын нийт хүн амын 47 хувийг эзэлж байгаа бөгөөд хотод жил бүр шинээр хийж байгаа хөрөнгө оруулалт энэ хэмжээнд хүрэхгүй байна. Иймээс хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр зайлшгүй шаардлагатай.

Улаанбаатар хотын хувьд төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор татвар, төлбөр, хураамжийг өсгөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад дарамт учруулахгүй байхыг зорьж байна. Үүний тулд санхүүжилтийн өөр, бусад эх үүсвэрийг эрэлхийлж, энэ чиглэлээр эрх зүйн шинэлэг зохицуулалтуудыг санаачлан дэмжүүлж, хууль тогтоомжид тусгуулсан. Өнгөрсөн хугацаанд бидний хийж бүтээсэн гол ажил бол Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, УИХ-ын түвшинд Улаанбаатар хотын хөгжлийн аөсуудал эрхэлсэн Түр хороо, Засгийн газрын түвшинд Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороог байгуулсан. Ингэснээр нийслэл Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлуудыг өргөн хүрээнд, цогц байдлаар шийдвэрлэх боломж бүрдсэн. Мөн үнэт цаас гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах зэрэг шинэ механизмуудыг ашиглах боломжийг бүрдүүллээ. Нийслэлийн Засаг даргын хувьд хөгжлийн төсөл, хөтөлбөр бүрийг аль болох төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, шаардлагатай арга хэмжээг хувийн хэвшилд шилжүүлэн гүйцэтгүүлэх бодлого баримталж, үүнд гадаад орнуудын сайн туршлагыг судалж хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Түүнчлэн нийслэлийн зүгээс хэд хэдэн томоохон мега төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн, хөрөнгө оруулагчдад санал тавьж, хамтран ажиллахаар төлөвлөлөө. Эдгээр нь хотын урт хугацааны хөгжилд онцгой хувь нэмэр үзүүлэх төслүүд юм хэмээлээ.

А.Ганхуяг: Улаанбаатар хотод санхүүжилтийн хэрэгцээ маш өндөр, үүнийг дагаад хөрөнгө оруулалтын асар их боломж бий

Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч, “Премиум корпораци”-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг “Улаанбаатар хотын хөгжил: Хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр:

-Улаанбаатар хот бол Монгол Улсын бизнес, эдийн засгийн 70 орчим хувийн төвлөрөл болжээ. Гэхдээ улсын нийт төсвийн 33 хувийг л хотод зарцуулж байна. Тэгэхээр хөрөнгө оруулалт, санхүүжилтээ нэмэх зайлшгүй шаардлага бий. Тэгэхээр хаанаас, хэрхэн хөрөнгө оруулалт татах вэ гэдэг хоёр асуудал урган гарна. Хөрөнгө оруулагчдын зүгээс харвал хаана хөрөнгө оруулах вэ, энэ хөрөнгө оруулалт бүтээмжийг нэмэгдүүлж чадах уу гэдэг үндсэн шалгуур бий. Тэгэхээр цаг зав, бүтээмж, хөрөнгө, өгөөжийн хувьд ашигтай төсөл хөрөнгө оруулалт татаж чадна. Хэрхэн хөрөнгө оруулах вэ гэдэгт яг бидний өнөөгийн нөхцөлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал болоод байна. Монгол Улсын өрийн хэмжээ, төсвийн алдагдал үүсэх эрсдэл зэргийг тооцон үзвэл, бид гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулан бүтээмж өндөртэй төсөлд хамтран ажиллавал олон давуу тал гарна. Ингэж чадсан сайн жишээ гэвэл шинэ нисэх онгоцны буудлын цогц бүтээн байгуулалт байна. Энэ замаар бид цаашид олон төслийг хэрэгжүүлж болно. Улаанбаатар хотод санхүүжилтийн хэрэгцээ маш өндөр, үүнийг дагаад хөрөнгө оруулалтын асар их боломж бий гэж онцолсон юм.

Нийслэл хотын зүгээс хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх хүрээнд НЗДТГ Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

С.Эрдэнэ АН-ын тамгыг Л.Гантөмөрт хүлээлгэн өглөө
С.Эрдэнэ АН-ын тамгыг Л.Гантөмөрт хүлээлгэн өглөө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.