Нийслэлийн хэмжээнд 1831 түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ үйл ажиллагаа явуулж байгаагаас 106 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлжээ. Дүүргийн удирдлагууд энэ талаар болон шаардлага хангахгүй хаяг, сурталчилгааны байгууламжуудыг буулгах, тоглоомын талбай засварлах ажлын талаар мэдээлэл өглөө. Мөн шинээр оруулж ирсэн хүүхдийн автобуснууд үйлчилгээнд явж байгааг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хэлж байв.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Өнгөрсөн долоо хонгоос ТҮЦ буулгах ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар таван байршилд 40 ТҮЦ нүүлгэн шилжүүлээд байна. Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-ийг нүүлгэх ажил эхэлж, дуусах шатандаа явж байна. Хоёр том байршил буюу “Драгон”-ы автобусны буудалд 23, Таван шард 32 ТҮЦ бий. 2022 оны аравдугаар сараас ТҮЦ эрхлэгчдэд мэдээлэл хүргэж, гэрээ байгуулж, дөрөвдүгээр сарын 1-нээс нүүлгэж эхэлсэн. ТҮЦ-нд архи, тамхи зардаг гэх мэдээлэл иргэдээс олон ирж байна. ТҮЦ эрхлэгчдэд нийтийн эзэмшлийн зам, талбайд бус, орон сууцны дунд байршил зааж өгдөг. Гэтэл орлого ордоггүй гэх шалтгаан хэлж байна. 11 ТҮЦ-ийг орон сууцны дунд байрлуулсан. Эзэн нь тодорхойгүй, давхар түрээслүүлсэн ТҮЦ ч байна” гэсэн юм. Тус дүүрэгт тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбайн 94 байршил байгаа бөгөөд нөхөн сэргээлт, тохижилтын ажлыг эхлүүлжээ. Мөн сурталчилгааны өнгө үзэмжгүй самбарыг буулгах ажлын хүрээнд аян зарлаж, буулгах ажлыг зохион байгуулж байна.
Налайх дүүргийн хувьд тоглоомын талбай, зар сурталчилгааны самбаруудын шаардлагыг хангуулан ажиллаж байгаа гэлээ. Баянзүрх дүүрэг ТҮЦ арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, гуравдугаар сард 480 гаруй ТҮЦ эрхлэгчтэй уулзаж, дүүргээс баримталж байгаа бодлогоо танилцуулжээ. Явган хүний гарцыг хаасан, зөвшөөрөлгүй газар байрлуулсан ТҮЦ эрхлэгчдэд шаардах хуудас өгөхөөр төлөвлөсөн байна. Стандартын бус 495 хаяг байгаагаас 198 хаяг реклам, 71 тулгуурт самбарыг буулгуулжээ. Хүүхдийн тоглоомын талбайг угааж, цэвэрлэхээс гадна аюулгүй байдлыг хангуулахад анхаарч ажиллаж байгааг хэлж байлаа.
Баянгол дүүрэг ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, 32 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ. Харин энэ долоо хоногт дугуйн зам хаасан зэрэг зөрчилтэй 23 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Стандартын шаардлага хангахгүй 485 хаяг, 226 самбар буулгажээ. Сүхбаатар дүүргийн тухайд 25 байршилд ТҮЦ нүүлгэн шилжүүлнэ. Мөн шаардлага хангахгүй 58 самбарыг буулгажээ.
Чингэлтэй дүүргийн хувьд Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн. Хүүхдийн тоглоомын талбайн засвартай холбоотой зардлыг шийджээ. Хан-Уул дүүрэг мэдээллийн 78 самбар, 43 А самбар, хайс, хашлага дээр наасан 555 хулдаасан хэвлэлийг буулгасан. 1775 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэнэ.