Өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулганаар Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Улаанбаатар төмөр зам ХНН-тэй байгуулсан Олон улсын гэрээний асуудлыг хөндлөө. Ингэхдээ тэрбээр "Улаанбаатар төмөр зам ХНН бол Монгол-Оросын хамтарсан компани. Бид Үндсэн хууль болон Олон улсын гэрээ хоёр хоорондоо зөрсөн тохиолдолд Олон Улсын гэрээний заалтыг дагаж мөрдөх хуультай.
Хэрвээ Олон улсын гэрээ нь Үндсэн хуультай зөрчилдвөл бид Үндсэн хуулиа дагаж мөрдөх ёстой. Тэгэхээр Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн гэрээ нь өөрөө Монгол Улсын Олон улсын гэрээнд тооцогдож явдаг буюу Монгол Улсын хуулиас илүү давж үйлчилдэг. Тэр ч утгаараа газрыг хугацаагүйгээр ашиглаж байгаа.
Тодруулж хэлбэл, Улаанбаатар төмөр зам ХНН Монгол Улсын газрыг хугацаагүйгээр, ямар ч төлбөргүйгээр ашиглаж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд газрыг зөвхөн хугацаатай, төлбөртэй ашиглуулна гэж заасан байдаг.Тэгэхээр Улаанбаатар төмөр зам ХНН-тэй хийсэн гэрээ Монгол Улсын үндсэн хуульд нийцэхгүйгээр үйлчилж байна. Ядаж нэг ч төгрөг болтугай төлбөр төлөх ёстой. Бид Үндсэн хуультайгаа нийцэхгүй Олон улсын гэрээг ярихгүй явж болохгүй. Монгол Улсын Үндсэн хууль буюу Монголын нийт ард түмний эцэг хууль хамгийн дээр нь байх ёстой" гэв.