Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал "Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд "Шилэн" ажиллагаа буюу shilen.gov.mn сайтыг ажиллуулж байна. Шилэн ажиллагааг идэвхжүүлэх үүднээс Ерөнхий сайд БОАЖ-ын сайд, БХБ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, зарим агентлагийн дарга, аймгийн удирдлагуудад даалгавар өгсөн.
Хэрвээ албан даалгаврыг хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцохыг үүрэгдсэн. Тодруулбал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлээгүй байгууллагууд ирэх зургаадугаар сарын 1-нээс өмнө мэдээллээ ирүүлэх ёстой. Хэрвээ энэ хугацаанд амжиж мэдээллээ ирүүлээгүй бол тухайн төрийн албан хаагчийг АТГ-т шилжүүлнэ. Ирэх долоо хоногт Засгийн газрын тусгай сангуудтай холбогдуулаад Хөдөө аж ахуйн санг олон нийтэд нээлттэй болгоно. Энэ сан нээлттэй болсноор сэтгүүлчид болон иргэд "Шүгэл үлээх" боломжтой болж байна.
Гэхдээ хуулийн хүрээнд ажиллаж, зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа газруудад хуулийн зөрчил байхгүй. Тиймээс үндэслэлгүйгээр хэн нэгнийг гүтгэж, сошиалаар яллаж болохгүй" гэлээ.