Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хийлээ.
Төмөр замын салбарын ажиллагсдын нийгмийн асуудал, ажлын байрны нөхцөл, хүний нөөцийн бодлогын асуудлыг хуульд тусгахдаа төмөр замын тээврийн байгууллагад 25 болон түүнээс дээш жил ажилласан эрэгтэй, 20 болон түүнээс дээш жил ажилласан эмэгтэй ажилтан төмөр замын тээврийн байгууллагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол арваас доошгүй сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг тусгажээ.
Мөн Салбарт хэрэгжиж эхэлж буй томоохон төслүүдтэй холбоотойгоор хүний нөөцийн асуудал хөндөгдөж байгаа. 7000 орчим мэргэжилтэн шаардлагатай гэдэг судалгааны дүн гарсан. Дотооддоо бэлтгэхээс гадна ОХУ, БНХАУ-д төмөр замын салбарын мэргэжилтнүүдийг үе шаттайгаар бэлтгэх зохицуулалтуудыг хийж эхэлсэн байна.