Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2023 онд найман удаагийн их цэвэрлэгээ хийх хуваарийг баталсан. Одоогийн байдлаар гурав дахь их цэвэрлэгээ буюу “Хотоо угаая” аян үргэлжилж байна. Гуравдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэл сар гаруйн хугацаанд үргэлжлэх уг аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд гадна фасадаа угааж, цэвэрлэх ажил өрнөж буй.
Тодруулбал, Нийтийн тээврийн 976 автобусны гадна, дотор угаалга, цэвэрлэгээг давхардсан тоогоор 5000 гаруй удаа хийж гүйцэтгэлээ. Мөн 427 мэдээллийн самбар, 12400 метр буюу 7934 хайс хашлага, автобусны 242 буудал зэргийг цэвэрлээд байна. Цаашлаад явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайд цэвэрлэгээнээс гадна мананцартай ариутгалыг хийхээр төлөвлөжээ.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50 метр талбайгаа идэвхтэй цэвэрлэж байгаа бөгөөд цаашид ч орчны цэвэрлэгээгээ тогтмол хийж хэвшихийг УБЗАА-наас уриалж байна.