Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ Г.Заяа: Өвчтөн маань эдгээд, инээгээд зогсож байхад л хамгийн их аз жаргалыг мэдэрдэг

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
9 минут 23 секунд

Магадгүй хорвоо дээр "баатар" гэж байдаг бол зөвхөн алтан гартай эмч нарыг хэлэх биз. Цагаан халатаар өөрийгөө чимж, алтан гараараа олон мянган хүний амь насыг аварч, эрүүл мэндийн энхийн манаанд зогсдог хүмүүс бол зөвхөн эмч нар.

Өнөөдөр "Дэлхийн эмч нарын өдөр" тохиож байна. Эмч хэмээх эрхэм алдрыг хүртсэн бүх хүний баярын өдөр. Эл өдрийг тохиолдуулан Ubn.mn сайт нэгэн эрхмийг онцолсон нь "Андромедикал" эмнэлгийн үүсгэн байгуулагч, БЗДХ, ХДХВ/ДОХ, эрэгтэйчүүдийн эмч Г.Заяа юм. Түүний хувьд эрүүл мэндийн салбарт 10 гаруй жил ажиллаж, олон хүмүүсийг ажлын байранд гаргаж буй бүсгүйчүүдийн нэгээхэн төлөөлөл нь юм.

-Сайн байна уу. Юуны өмнө "Дэлхийн эмч нарын өдөр"-ийн мэнд хүргэе. Мэргэжлээрээ ажиллаад хэдэн жил болж байна вэ?

-Баярлалаа. 2005 оноос хойш мэргэжлээрээ ажиллаж байна. 18 жил болж байгаа юм байна. БЗДХ, ХДХВ/ДОХ, эрэгтэйчүүдийн эмчээр ажилладаг.

-Хүмүүс хүүхэд байхаасаа л ямар нэг мэргэжилтэй болохыг мөрөөддөг шүү дээ. Таны хувьд хүүхэд байхдаа ямар хүүхэд байв. Бас яагаад эмч гэдэг мэргэжлийг сонгох болсон юм бол?

-Хүүхэд байхдаа их хөдөлгөөнтэй, бүх л урлаг, соёлын тэмцээнд оролцдог хүүхэд байсан. Тэгээд л арван жилээ төгсөөд "Анагаахын дээд" сургуульд орсон юм. Ер нь хүүхэд байхаасаа л эмч болно гэдэг зорилго тавьчихсан байсан учраас эмчийн хуваарь авахын тулд хими, биологитоо илүүтэй анхаардаг байсан.

Яагаад ч юм намайг хүүхэд байхад цагаан халаттай хүмүүс их гоё, нүдэнд дулаахан харагддаг байсан. Тиймээс эмч болохыг хүсдэг болсон байж ч мэдэх юм.

Мэдээж эмчийн мэргэжил бол бусад мэргэжлүүдээс илүү удаан хугацаанд суралцдаг мэргэжил. Дор хаяж зургаан жил сурдаг шүү дээ. Миний хувьд ч мөн зургаан жил суралцаад нарийн мэргэжил, резидент эмчээр дахин тав, зургаан жил суралцаж, ХДХВ/ДОХ, БЗДХ-ын эмч болсон. Ёстой л нөгөө хүмүүсийн хэлдгээр суралцаж дуусдаггүй мэргэжил гэдэг нь үнэн байхгүй юу.

Харамсалтай нь оюутан байхдаа автын осолд ороод аарцгандаа хүнд гэмтэл авч, алхаж ч чадахгүй болж байсан юм.

-Автын осол бол маш хүнд шүү дээ. Түүнийг давж гарахад мэдээж хайртай дотнын хүмүүс нь их тусалсан байх?

-Мэдээж тэгэлгүй яахав. Хамгийн түрүүнд гэр бүл маань тусалж, дэмжсэн. Бас оюутан ангийн, нэг курсийн найзууд маань их тус дэм болсон доо. Тухайн үед ганцаараа босоод алхаж чадахгүй, босвол хана түшиж л алхдаг байсан. Тэр үед маань миний найз нөхөд, гэр бүл л түших багана минь болсон доо. Яг хэцүү үед маань эдгээр хүмүүс байсан учраас би тэр үеээ давсан гэж боддог юм.

-Маш хүнд бэртэл авсан юм байна. Олон удаа хагалгаанд орж байв уу?

-Бараг л 20 удаа хагалгаанд орсон юм байна. Одоо ч гэсэн хэд хэдэн хагалгаанд орох ёстой. Одоо хагалгаа гэж сонсох төдийд л зүрх үхдэг юм. Ерөнхийдөө бол хөл маань бүрэн эдгээгүй, алхахад зоруурьтай байдаг. Гэхдээ мэргэжил нэгт нөхдийнхөө, ах, эгч нарынхаа ачаар хөл дээрээ боссондоо их баяртай байдаг юм.

-Мэдээж хүн гэдэг амьтан ямар ч саад бэрхшээл тулгарсан бай түүнийгээ даваад гарах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй шүү дээ. Та ч бас маш их сэтгэлийн тэнхээ, тэсвэр тэвчээр гаргасан байх?

-Би яг бэртчихээд таяг тулж эхэлж байхдаа бодож байсан юм. Ганцаараа явах ямар ч боломжгүй юм билээ. Хаашаа ч явсан хэн нэгнийг дагуулж явахгүй л бол болохгүй. Сургууль, дэлгүүр, эмнэлэг гээд хаана ч явсан хажуудаа хэн нэгэнтэй хамт явах шаардлагатай байдаг юм билээ. Тэр үедээ л хэн нэгний ажлыг ч давхар алдагдуулж байгаагаа ойлгосон. Тиймээс хурдан эдгэхийг, бас ганцаараа алхахыг маш их хүсэж, тэмүүлж байсан.

Яг тэр үед гэр бүлээсээ, хань ижлээсээ маш их тайтгарал, урам зориг авдаг юм билээ. Гэхдээ хамгийн гол нь хүн өөрөө "Би босох ёстой гэсэн хүсэл тэмүүлэлтэй байх л хэрэгтэй".

-Амьдралын анхны гараа болох ажлын байр тань хаанаас эхэлсэн бэ?

-ХДХВ/ДОХ, БЗДХ-ын эмчээр төгссөнийхөө дараа Чингэлтэй дүүрэгт ДОХ, бэлгийн замын халдварын зохицуулагч хийж байсан юм. Миний хамгийн анхны ажлын байр, намайг өлгийдөж авсан гэхэд болно шүү.

Түүний дараа 2012 оноос эхлээд хувийн эмнэлгээ /Андромедикал эмнэлэг/ нээж, одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

-Ер нь аль ч салбарт ажиллаж буй хүмүүс өөрийн гарааны бизнесээ эхлүүлэх сонирхолтой байдаг. Энэ нь магадгүй санхүүгийн хувьд ч тэр асуудлыг шийдвэрлэх арга зам байж болох юм?

-Ер нь бол хүмүүс дан ганц цалин, дан ганц группийн мөнгөөр амьдарна гэдэг бол худлаа. Гэхдээ бас өөрөөсөө ахадсан зүйл мөрөөдөх ч тийм зөв алхам биш гэж боддог юм.

Харин өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хий. Чамд ямар нэг дарамт болохгүй, хийж чадахгүй гэх зовлонгүй зүйлээ багаас нь эхэлж хийвэл тун зүгээр санагдсан. Түүнийгээ ч олж хийх хэрэгтэй. Гэхдээ бүх зүйл бодсон шиг нь амар байхгүй шүү дээ. Гол нь хичээл зүтгэл, тууштай байдал л чухал.

Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж явдаг. Хөл маань бүрэн эдгээгүй учраас тэр. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй нэгэн бүсгүйг туслахаараа ажиллуулдаг. Өмнө хэлснээр дан ганц группийн мөнгөөр амьдрах боломжгүй учраас нэг ч гэсэн хүнийг ажлын байраар хангахыг хичээдэг. Тэр бүсгүй маань долоо хоногтоо хоёр удаа ирж тусалдаг.

-Сүүлийн үед БЗДХ-ын тоо эрс нэмэгдсэн шүү дээ. Тэр дундаа залуус их өвчилж байна. Таны хувьд ДОХ, бэлгийн замын эмчийн хувьд үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Залуусыг ажиглаад байхад мэдээлэл маш муутай байгаа нь харагддаг л даа. Угтаа бэлгийн боловсролын талаар бага наснаас нь ойлгуулж, насанд нь тохирсон мэдээллийг өгөх хэрэгтэй мэт санагддаг. Гэтэл манай улсад ямар ч тийм мэдээллийн боловсрол олгох хөтөлбөр алга. Үүнээс үүдээд өсвөр үеийнхэн, залуус бэлгийн замаар дамжих халдвараас хэрхэн хамгаалахаа мэдэхгүй байгаа учир өвчлөл их байна.

-Аль төрлийн БЗДХ-ын тоо илүү хурдацтай нэмэгдэж байна вэ?

-Ерөнхийдөө бол БЗДХ-ын улсын дундаж гэж бий. Маш олон өвчин бэлгийн замаар халдварладаг. Гэхдээ тэр дундаас Тэмбүү өвчин илүүтэй нэмэгдэж байна.

Үүнээс хэрхэн сэргийлэх талаар бага зэрэг мэдээлэл өгөхөд, Бүх зүйл цахимжсан. Нэг үеэ бодвол мэдээллийг маш түргэн, шуурхай авах боломжтой болчихсон шүү дээ. Тиймээс цахим орчинг ашиглаад өөрт хэрэгтэй мэдээллийг авч байгаасай гэж хүсдэг. Гэхдээ зөв эх сурвалжаас зөв мэдээлэл авах нь хамгийн чухал. Магадгүй ямар нэг асуудал тулгарсан бол хойш суулгүй шууд мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй.

-Эмч хүний хамгийн их бахархдаг, хамгийн их тайтгарал мэдэрдэг зүйл таны хувьд юу вэ?

-Мэдээж өвчтөн маань инээмсэглээд гарах. Эрүүл, саруул болох л хамгийн их тайтгарал, аз жаргалыг мэдрүүлдэг.

-Ярилцсанд баярлалаа.

ЧУУЛГАН: Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.