УЕПГ-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д өгсөн. Энэ дагуу өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо прокуроос өгсөн гишүүдийн хэргийн материалтай танилцаж дүгнэлтээ гаргасан. Ингэхдээ тус гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэж, улмаар МАН-ын бүлэг, ТББХ, ХЗБХ хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжсэн шийдвэр гаргасан.
Тэгвэл уг асуудлыг өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, нууц санал хураалтаар эцэслэн шийдвэрлэх юм.
Хэрэгт холбогдсон гурван гишүүний хувьд,
“Ажнай” Д.Бат-Эрдэнэ өөртөө их хэмжээний ногдол ашиг хуваарилсан, Капитрон банкаараа дамжуулан мөнгө угаасан хэрэгт шалгагдаж байна
Т.Аюурсайхан морины 3 жүчээ, 700 саяын тансаг орон сууц тэргүүтэй 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөө тайлбарлаж чадаагүй аж.
Н.Наранбаатар гишүүнийг албан тушаалаа ашиглан Б.Ганхуягт нөлөөлж Хятадын 3 компанид давуутай гэрээ байгуулуулсан, ковидын үед аймаг, гаалийн дарга нарт нөлөөлж Хятад компанийн 32 гаруй машиныг тээвэрт оролцуулсан, төрсөн дүүгийнхээ машиныг хууль бусаар гаалиар нэвтрүүлсэн гэх хэргээр шалгаж байгаа юм.
Тэдний ямар хэрэгт холбогдсон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж унших боломжтой.