МАН бүлгийн ээлжит бус хуралдаан дөнгөж сая хуралдаж дууссан. Хуралдаанаар өнөөдөр Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлэлцсэн юм.
Өнгөрсөн хугацаанд нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон гурван гишүүнийг УИХ хамгаалах уу, явуулах уу гэдэг асуулт олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд байсан билээ. Тэгвэл өнөөдрийн Халдашгүй байдлын дэд хорооны гаргасан түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн саналыг эрх баригч намын бүлэг дэмжсэн гэдэг мэдээллийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өгсөн.
Харин бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож тун сонирхолтой улс төрийн байр суурь илэрхийлсэн юм. Тэрбээр, гишүүддээ хандаж “Улсаа бодох уу, гишүүдээ бодох уу гэдэг амаргүй шийдлийн өмнө Монгол Ардын нам ирсэн. Мэдээж энэ шийдвэрийг та бүхэн гаргахад амаргүй байгаа байх. Гэхдээ эцсийн дүндээ улсаа бодох нь зүйтэй. Тиймээс нүүрсний асуудалд нэр холбогдож яллагдагчаар татагдсан гишүүдийг прокурорын саналын дагуу бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Бүлгийнхээ хуралд бүрэн эрхээ алдах дээрээ тулаад буй Т.Аюурсайхан Н.Наранбаатар нар оролцсон бөгөөд хоёулаа хуулийн байгууллагад байцаалт өгч байгаа. Мөн хийгээгүй хэрэгт хэлмэгдүүлж байна гэдэг байр суурийг илэрхийлжээ.
Ийнхүү 61 гишүүнтэй болсон МАН бүлэг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх улс төрийн шийдвэр гаргасан тул тун удахгүй хуралдах байнгын хороод болон маргааш өглөө хуралдах УИХ-ын нэгдсэн чуулганаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бололтой.