Нүүрсний гэх тодотголтой авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 09.00 цагт хуралдаж эхэлсэн. Тэгвэл дэд хороо 100 хувийн ирцтэйгээр хуралдаж байгаа бөгөөд дөнгөж сая түр завсарлалаа. Ингэхдээ прокурорын оруулж ирсэн саналд үндэслэсэн хэргийн материалуудтай танилцахад хугацаа шаардлагатай байгаа учраас завсарлага авсан байна.
Ташрамд дурдахад, хуулийн дагуу Халдашгүй байдлын дэд хороо нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон, туршлагатай гишүүдээс бүрддэг юм. Энэ парламентын хугацаанд тус дэд хороонд Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, С.Бямбацогт нарын гишүүд харьяалагдаж байна.