АНУ-ын хилээс холгүйхэн орших Мексикийн Сьюдад-Хуарес хот дахь Цагаачдын төвд гал гарсны улмаас 39 хүн амиа алдсаныг албан ёсоор мэдээллээ. Мөн 29 хүн түлэгдсэн, шархадсан оноштойгоор дөрвөн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Америкийн Техас мужийн Эль-Пасо, Мексикийн Сьюдад-Хуарес хотуудыг холбодог гүүрний ойролцоо байрладаг энэ төвд АНУ руу гарахыг завдаад баригдсан хүмүүсийг саатуулдаг. Гал гарах үед тухайн төвд насанд хүрсэн 68 эрэгтэй байсан. Тэдний олонх нь Венесуэлийн иргэд, мөн Гватемал, Хондурасын цагаачид байсан гэж мэдээлж байна.
Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор “Саатуулагдсандаа эсэргүүцэл илэрхийлсэн хүмүүс гудсаа шатааснаас болоод гал гарсан” гэж мэдэгдсэн байна. “Тэд ийм золгүй явдал болно гэж огт тооцоолоогүй” гээд сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд цагаачдын төвд ноцтой асуудлууд гарсаар байгааг сануулжээ.