Өнгөрсөн оны 10 дугаар сард Засгийн газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэх, төрийн зарим нийтлэг үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн билээ.
Тодруулбал, төр, засгийн нийтлэг үйлчилгээнд хамаарах Төрийн ордонд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн хоол, кофе шопуудыг татан буулгаснаар хувийн хэвшилд шилүүлэх сонгон шалгаруулалтыг ААН-үүд дунд зарласан байна.
Өнгөрсөн өвөл хаалгаа барьсан Төрийн ордны нэг давхрын хоолны газарт тун удахгүй "GS-25″ сүлжээ дэлгүүр орохоор хаягаа хадсан нь багагүй шүүмжлэл дагуулж байгаа аж.
Тэгвэл энэ асуудлаар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн тайлбар өглөө. Ингэхдээ тэрбээр "Засгийн газраас төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя гэсэн зорилтын хүрээнд бизнесийн үйл ажиллагаанд төрийн байгууллагууд оролцохыг багасгая гэж буй. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоол өнгөрсөн жил гарсан. Төрийн ордны цогцолборт үйл ажиллагаа явуулж байсан зоогийн газар, кофе шоп гэх мэт газруудыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгож, татан буулгах шийдвэр гарсан. Төрийн ордонд хурал зөвлөгөөн, чуулган, байнгын хорооны хурал, гадаадын төлөөлөгчдий хүлээн авч уулзах гэх мэт төвлөрсөн арга хэмжээ их болдог. Тийм учраас үйлчилгээ сайтай байх ёстой. Энэ орон зайг хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзсэн" гэжээ.