Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн чуулганы хуралдаанд ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх тухай танилцуулгыг хийнэ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх захирамжаа гаргасан юм. Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын дараагийн сайдын “марафон” саарал ордонд үзүүштэй өрнөж, нэг даргын өрөөний үүднээс дараагийн даргын өрөө хүртэл шимтэйхэн үргэлжилж байна.
Дашрамд сануулахад, Хэрвээ шинэ сайдын нэр дээрээ тохирчихвол томилгоог нь ирэх долоо хоногтоо багтааж хийх байх гэсэн таамаг байна.
Өнгөрсөн долоо хоногт Б.Саранчимэг ихээхэн идэвхтэй зүтгэл гаргаж дээгүүр доогуур явж, салбарын байнгын хороог багагүй хугацаанд удирдсан М.Оюунчимэгийн нэр дуулдаж, Н.Энхбаяр адууны наймаа маягтай зүйл ярьж яваа талаар бид мэдээлсэн. Тэгвэл цаг хугацаа өнгөрсөх тусам горилогчдын нэрс өргөжиж, ачаалал нэмэгдэн байдал "хүндэрлээ".
Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс Ц.Мөнхцэцэг гишүүнийг зүтгүүлсэн ч гишүүд “анх удаа сонгогдсон байнгын хороо ч даргалж үзээгүй гишүүн. Ерөнхий сайдын ярьсан мерит томилгоо утгаа алдах нь” хэмээн эсэргүүцсэн сурагтай.
Харин эх сурвалжийн хамгийн сүүлд мэдээлснээр, ХНХ-ын сайдад Н.Энхболд гишүүний нэр яригдаж эхэллээ. Эмэгтэй гишүүд нэгдсэн тохироонд хүрч, нэг хүнээ дэмжиж чадахгүй байгаа зэргээс шалтгаалж тулхтай, бодлогын хүрээнд шийдэх ёстой асуудлуудыг явуулах хүн хэмээн Н.Энхболдыг танхимын тэргүүн нь тун “шохоорхонгүй” байгаа сурагтай.
ХНХ-ын шинэ сайдаар томилогдсон хүн хаврын чуулганаар хэлэлцэгдэх Нийгмийн даатгалын багц хууль, ирэх жил төрийн албан хаагчдын цалин хөлстэй холбоотой зохицуулалт, цалингийн доод хэмжээ зэрэг бодлогын томоохон ажлуудыг гараас гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ болон салбартаа нөлөөлж чадахуйц хэмжээний ранктай хүн байна гэсэн үг.
Өөр нэг зүйл байгаа нь хэрвээ Н.Энхболдыг сайдаар томилбол Төв аймагт нэг тойрог сулрах магадлалтай. 2000 оноос хойш УИХ-ын гишүүнээр 6 удаа сонгогдож, тасралтгүй 24 жил ажиллах гэж буй тэрбээр дараагийн сонгуульд нэр дэвших эсэх нь эргэлзээтэй. Магадгүй сайдаар томилогдвол жагсаалт руу орох боломжгүй болно. Учир нь Ерөнхий сайдын болон намын зүгээс өнгөрсөн намраас хойш сайдаар томилогдсон хүмүүст намын жагсаалтад орохгүй гэх тохироо, сануулгыг өгч буй гэх мэдээлэл бий.
Хэн ч томилогдох байсан хамаагүй, нарны эртэд томилж бодлогын ажлыг нь эхлүүлэх нэн шаардлагатай байна. Бүтэлтэй, бүтэлгүй гурван ч сайдын нүүр энэ салбарыг тогтвортой бодлогоор удирдуулах зайлшгүй нөхцөл байдал бүрдсэн гэдгийг сануулах нь зүйтэй.
Г.Лхагвадорж