Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХНХ-ын сайдад Б.Саранчимэг “өргөн фронтоор“ ГОРИЛЖ, М.Оюунчимэг, Л.Цэдэвсүрэн нарын нэр яригдаж, Н.Энхбаяр амлалт нэхэж явна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 42 секунд

Одоогийн байдлаар гурван ч сайдын нүүр үзсэн ХНХЯ тун удахгүй дөрөв дэх сайдаа "өлгийдөн" авна. Тодруулбал, ХНХЯ-ны сайд Т.Аюурсайханыг нүүрсний хэрэгт холбогдуулан АТГ-аас яллагдагчаар татан "гэмт бүлэглэл зохион байгуулсан" гэх зүйлчлэлээр шалгаж буй бөгөөд тэрбээр сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж шалгуулахаа илэрхийлсэн. Ерөнхий сайд ч хүсэлтийг нь хүлээн авч сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамжийг өчигдөр гаргасан билээ.

Энэ үйл явдалтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд албан бусаар явагдаж байсан "сайдын марафон" өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ХНХ-ын орон гарсан сайдын суудлыг удаан хугацаанд эзгүй байлгах сонирхол Засгийн газарт байхгүй. Тиймээс ирэх долоо хоногт багтаан шинэ сайдыг томилох тухай мэдээлж байгаа юм.

Учир нь хаврын чуулган нээсэнтэй холбогдуулан тус яамны чиг үүрэгтэй холбоотой чухал хуулиуд болох Нийгмийн даатгалын багц хууль, Гэр бүлийн тухай хууль зэрэг хуулийн төслүүд энэ хаврын чуулганаар орох төлөвтэй байгаа юм. Нөгөө талаас зүүн төвийн үзэл баримтлалтай эрх баригч МАН-ын хувьд сонгуулиар өгсөн амлалт, мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэхэд гол тулгуур салбар нь нийгмийн хамгааллын салбар гэж хэлж хэлэхэд болно. Энэ утгаараа дээрх яамыг сайдгүй удаах нь засаг төрийн бодлогодоо ч эерэг дүн авч ирэхгүй нь ойлгомжтой.

Хоёрдугаарт, Засгийн газрын тухай хуулийн 21.5-д “Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан журмын дагуу 14 хоногийн дотор нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан тул дээрх томилгоог удаагаад байх шаардлагагүй.

Мөн сайдад санаархагчдын саарал ордон дахь гүйдэл ихэсч магадгүй гэдэг утгаараа ч хурдан томилох нь хэн, хэндээ хэрэгтэй зүйл.

“ХНХ-ын шинэ сайдад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, М.Оюунчимэг, БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн нар яригдаж байна”

Эрх баригчид эмэгтэй сайд томилж магадгүй байгаа гэнэ. Энэ хүрээнд сайдын суудлыг хамгийн их сонирхож, лобби хийж яваа хүнээр одоогийн байдлаар Б.Саранчимэг гишүүн тодроод байна. Гэхдээ эцэслэн тохироогүй бөгөөд мань хүн олон олон "фронт"-оор довтолж буй гэнэ. Өнгөрсөн наймдугаар сард засаг дарга нарын фракцийн урдуур "крандуулж" байнгын хорооны дарга болсон тэрбээр энэ удаад эвийг нь тааруулчих хүсэлтэй байгаа хэмээн саарал ордны тамхины цэг дээр шивнэлдэх боллоо. Түүний хувьд генсектэй ойр, УИХ-ын даргаас "галын" дэмжлэг авахаас гадна Ерөнхий сайдаас дэмжлэг авахаар хөөцөлдөж байгаа гэнэ.

Түүнээс гадна яригдаж буй дараагийн эмэгтэй улстөрч бол М.Оюунчимэг аж. Түүний хувьд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд энэ салбарт хамаарах Нийгмийн бодлогын байнгын хороог даргалж байсан. Өнгөрсөн томилгоонуудад ороогүй. Мөн Ерөнхий сайдын хоёр удаа сонгогдож, байнгын хорооны дарга хийсэн туршлагатай байх гэдэг шалгуурыг хангаж буй тул сайдад яригдах хүмүүсийн нэг юм. Мөн дээрх хоёр гишүүнээс гадна МАН-ын дарга нарын хүрээнд Д.Өнөрболор гишүүний нэр ч яригдаж байгаа гэх мэдээлэл ч байна.

“УИХ-аас биш бол гаднаас яригдаж буй шинэ сайдын нэр олны анхаарлыг татна”

УИХ-аас ХНХ-ын сайдад дээрх гишүүдийн нэрс яригдаж буйгаас гадна саарал ордны гаднаас сайдад горилогчийн нэр сонсогдож эхлээд байна. Хэрвээ гаднаас шинэ сайдын нэрийг оруулж ирэх болбол мөн адил эмэгтэй сайд томилно гэх агуулгыг барьж байна.

Тодруулбал, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгийн нэр яригдаж байгаа аж. Түүний хувь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Засгийн газар тэргүүлж байх үед 2020 онд БШУ-ны сайдаар томилогдож байсан. Ерөнхийлөгчтэй садан төрлийн холбоотой хэмээн яригддаг түүний хувьд өнгөрсөн 2020 оноос хойш бараг л тасралтгүй яам, тамгын газрын удирдах албан тушаалыг хашлаа. Тиймээс Ерөнхийлөгчийн "галын" дэмжлэг орж ирвэл гишүүдийн амбиц ихэсвэл нам бодлогоор гаднаас хүн оруулж ирэх бөгөөд тэр нь Л.Цэдэвсүрэн байх магадлалтай байна. Мөн дашрамд сануулахад тэрбээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

“Н.Энхбаяр сайдын марафонд цэргээ сойхоор хөөцөлдөж явна”

Эдгээрээс гадна ХНХ-ын сайдад санаархагч өөр нэг хүн гарч ирсэн нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намаа МАН-д тушаасан тэрбээр Ерөнхий сайдаас амлалт нэхэж буй сурагтай. Хоёр нам нэгдэхдээ томилгоо, намын аппарат гээд бүх шатанд МАХН-ын төлөөллийг 30 хувь хүртэл багтаана гэж ам тангараг тавилцсан гэдэг. Амлалтаа биелүүлж намын шат шатны бүтцэдээ МАХН-ын төлөөллүүдийг оруулсан ч өнгөрсөн хугацаанд өрнөсөн улс төрийн томилгоонууд дээр Н.Энхбаярт ганц байнгын хорооны даргаас өөр зүйл өгөөгүй. Өнгөрсөн наймдугаар сард БОАЖЯ-ыг нэхсэн ч, МАН-ынхан хөнгөхөн мурьчихсан. Тиймээс одоо ХНХ-ын сайдыг авна гэдэг хүсэлтээ намын даргадаа тавьж буй аж.

Хэрвээ МАН-д өглөө гэхэд Б.Тулгаас өөр хүн бараг л гарч ирэхгүй байх. Гэхдээ сайд болох хүсэлтэй энэ олон горилогч байхад Н.Энхбаярыг урдуур нь төдийлөн дайруулж чадахгүй л болов уу.

ИНФОГРАФИК: Ц.Баатарсайханы Хөгжлийн банкнаас авсан 226 тэрбум төгрөгийн зээлийн ЗАДАРГАА
ИНФОГРАФИК: Ц.Баатарсайханы Хөгжлийн банкнаас авсан 226 тэрбум төгрөгийн зээлийн ЗАДАРГАА
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.