Өнгөрсөн 2022 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийг энэ өдрүүдэд байнгын хороо, чуулганы хуралдаанаа хэлэлцэж байна. Байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх үед Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ажлын үр дүн хангалтгүй байгаа сайдуудад хариуцлага тооцох тухай асуудлыг хөндсөн юм. Улмаар Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүн муу гарсан ТАВАН САЙДТАЙ хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа" гэж мэдээлсэн.
Үүнээс улбаалаад сайдуудын өнгөрсөн жилийн үр дүнгийн талаарх яриа улс төрийн хүрээнийхэн дунд хүчтэй яригдах боллоо. Ч.Хүрэлбаатар сайдын хэлсэн хариуцлага нь огцруулах, ямар нэгэн байдлаар арга хэмжээ авах зэргийн аль нь болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Харин байнгын хорооны дарга Н.Энхболд уг асуудлыг УИХ, Төрийн байгуулалтын байнгын хорооны анхааралдаа авлаа гэдгийг сануулсан нь цаанаа ямар нэгэн улс төрийн агуулгатай зүйл саарал ордонд өрнөөд эхэлсэн гэх хардлагыг ч төрүүлж эхлээд байна.
Тэгвэл бид 2022 онд ажлаа хангалтгүй хийсэн таван яам болон нийт яамдуудын төлөвлөгөөний биелэлтийн үр дүнг танилцуулж байна.
Уг жагсаалтаас харахад наймдугаар сарын сүүлээр сайдууд нь солигдсон дөрвөн яам багтсан байна. Өөрөөр хэлбэл, сайдын солигдох сураг аль нэгдүгээр сараас хойш л гарсан. Энэ хэрээр тухайн яамны болон сайдын ажлын бүтээмж буурсан байх магадлалтай. Хамгийн сүүлийн байранд Эдийн засаг, хөгжлийн яам орсон бөгөөд тус яам нь сайдгүйгээр найман сарыг өнгөрүүлсэн. Ч.Хүрэлбаатар наймдугаар сарын 30-ны өдөр тангараг өргөж ажилдаа орсон юм. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мөн адил наймдугаар сарын 30-ны өдөр ажилдаа томилогдсон юм.
Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд бүтэн жил буюу 2022 оны турш яамаа удирдсан. Гэвч Эрүүл мэндийн яам нь хамгийн муу таван яамны нэг болсон нь түүнийг бүтэн жилийн турш ажилдаа маш хариуцлага хандсан гэж дүгнэж болохоор байгаа юм. Тэрбээр өнгөрсөн 2023 оны нэгдүгээр сарын эхээр сайдын ажлаа өгч дэд сайдын суудалд суусан билээ.
Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд төлөвлөгөөний хэрэгжилтийг тааруу хэмжээнд найман сарын турш удирдсан хуучин сайдуудад ч хариуцлагын асуудлыг ярих нь зүйтэй. Жишээлбэл, ЗТХ-ийн сайд Л.Халтарыг дэд сайдаар, Г.Ёндонг Эрдэнэт үйлдвэрийн даргаар тус тус томилоод байгаа юм.