Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах хүрээнд барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж буй.
Энэ үеэр Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан “Хөрсний суулт, нуралт, гулсалт гэдэг бол чухалчилж авч үзэх ёстой үзэгдлүүд. Сүүлийн 10-15 жилд Улаанбаатар хотод баригдсан барилгуудын ихэнх нь ууланд байна.
Гадаргуугийн налуу 15 градусаас хэтэрсэн тохиолдолд хүчтэй газар хөдлөлтийн үеэр барилгад ирэх цохилт хоёр дахин нэмэгддэг. 2013 онд Улаанбаатар хотод хийсэн эрсдэлийн үнэлгээгээр газар хөдлөлт болбол төвлөрсөн орон сууцны 11 хувь, хувийн орон сууцны 33 хувь нурж, хотын төвд 7552 хүн, гэр хороололд 38 мянган хүн амь үрэгдэх эрсдэлтэй гэж гарсан. Гэхдээ энэ тоо сүүлийн арван жилд өөрчлөгдсөн байх.
Учир нь нийслэлд 1950-иад онд барьсан барилгуудыг нурааж, шинээр барьж эхэлсэн. Үүнд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгууд багтаж буй. Сургуулийн анги дүүргэлт, даац хэтэрсэн тул энэ нь газар хөдлөлтийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Мөн гэр хороололд мэргэжлийн бус хүмүүс барьсан 3-5 давхар байшин их болсон нь эрсдэлийг мөн ихэсгэнэ” гэв.