Хөгжлийн банкны хянан шалгах хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг нуун дарагдуулсан нь нотлох баримтаар тогтоогдсон хэмээн мэдэгдэв. Тэрбээр "Ч.Хүрэлбаатар нь Сангийн сайдаар ажиллаж, Хөгжлийн банкийг харьяалж байх үедээ 2020 онд Сангийн яам, Монголбанкнаас хийсэн шалгалтын дүнг нуун дарагдуулж, Засгийн газар, Ерөнхий сайд, холбогдох хууль хяналтын байгууллагад илэрсэн зөрчил, дутагдлыг танилцуулаагүй эс үйлдэл хийсэн нь тогтоогдсон. Тэр АСЕМ-ийн автобусны нэгж үнэлгээг 44 сая төгрөгөөр бууруулж нийт дүнгээр 1.9 тэрбумаар үнэлгээг бууруулж санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлсэн гэх баримт дэлгэгдсэн. Түүний томилсон Хөгжлийн банкны удирдлагууд өөрсдөдөө болон бусдад 290 сая төгрөгийн тэтгэмж олгосонд нь Аудитын байгууллага акт тавьсан ч хэрэгжүүлэхгүй байгаа. Түүнчлэн энэ асуудлаас булзаж УИХ-ын Түр хорооны сонсголд худлаа мэдээлэл өгсөн нь Хөгжлийн банкны өнөөгийн удирдлагын хэвлэл мэдээлэлд өгсөн байр суурь, Түр хороонд буй нотлох баримтаар тогтоогдож байгаа. Гэрчийн этгээд Түр хорооны сонсголд худал мэдээлэх нь хуулийн хариуцлагатай" хэмээлээ.
Ч.Хүрэлбаатар нь 2020 онд Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг нуун дарагдуулж, Ерөнхий сайд, хууль хяналтын байгууллага, Хөгжлийн банканд хүргүүлээгүй нь нотлох баримтаар тогтоогдсон. Түүний томилсон баг өөртөө болон бусдад 290 сая төгрөг тэтгэмж өгсөн https://t.co/ExthpRnck5
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) February 11, 2023