Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд Нийгмийн бодлогын байнгын хорооноос 21 аймаг, 9 дүүргийн залуучууд, сайн дурын даатгуулагч, малчдын төлөөлөлтэй хуулийн төслийг танилцуулах, санал авах уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Нийгмийн даатгалын тухай хуулийг 1994 онд баталснаас хойш 26 жилийн хугацаанд 30 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон ч нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдөхийн хэрээр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, даатгалын шимтгэлийн бодит хуримтлалыг бий болгох, тэтгэврийг шударга тогтоох, инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж нийгмийн даатгалын сангийн чадавхыг сайжруулах, нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай, ил тод болгож цахимжуулах зэрэг арга хэмжээг хуульчлах шаардлага тулгарч байгаа тул хуулийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх хэрэгтэй хэмээн төсөл санаачлагчид дүгнэлээ.
Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хийхдээ "Хуулийн шинэчлэлийн хүрээнд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэвэр авах шударга тогтолцоо бүрдэх, 20-иос дээш шимтгэл төлсөн жил тутамд тэтгэвэр бодох хувийг 2029 оноос нэмэгдүүлэх, нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсхүл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан 7 жилийг 5 жил болгох, нэрийн дансыг даатгалын сангийн орлого, зарлагын зохистой харьцаанд үндэслэн мөнгөжүүлэх зэрэг асуудлуудыг хуулийн төсөлд тусгасан" хэмээв.