Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээд шүүх Лу.Гантөмөр, Д.Ганбат нарын хэнийг нь ч БҮРТГЭХГҮЙ гэж шийдэх бололтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 10 секунд
UBN.MN

Ардчилсан намынхан даргаа сонгох гэж үйлээ үзэж, “үстэй толгой”-гоо зулгааж байна. С.Эрдэнээс хойш албан ёсны даргагүй гурван жилийг өнгөрүүлсэн тэдний намын даргатай болох “мөрөөдөл” бас дахин нэг удаа талаар болох бололтой.

Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд ҮБХ-ны нийт гишүүдээ цуглуулж Лу.Гантөмөрийг намын даргаараа сонгож, улмаар Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлсэн билээ. Яг үүнтэй зэрэгцэж С.Эрдэнийн талынхан цахим сунгаа гэгчийг зохион байгуулж УИХ-ын гишүүн Д.Ганбат 22 мянган хүний саналаар ялалт байгуулах нь тэр. Мэдээж Лу.Гантөмөрийг намын даргад бүртгүүлэх хүсэлт өгснөөс дөрөв хоногийн дараа С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан Д.Ганбатыг намын даргаар бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан тун ойрын хугацаанд болох бөгөөд Лу.Гантөмөр болон Д.Ганбат нарын хэнийг нь ч бүртгэхгүй байх бололтой.

Үүнийгээ Дээд шүүхээс намын дотоод маргаантай холбоотой гэж тайлбарлах бөгөөд талууд ямар гарцгүйгээр нэгдсэн байдлаар нэг хүний нэрийг л УДШ рүү явуулахаас өөр замгүй болох аж.

Хэрвээ УДШ-ээс Лу.Гантөмөр, эсвэл Д.Ганбат нарын хэн нэгнийг нь АН-ын даргаар бүртгээд авчихвал нөгөө талынх нь дайралтыг тэсэхгүй. Ялангуяа нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудалтай холбоотойгоор нийгмийн сэтгэл зүй эмзэг байгаа энэ цаг үед АН-ын аль нэг тал нь эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулбал байдал жинхэнээсээ эвгүйтнэ. Тиймээс тэртээ тэргүй маргаантай асуудлыг бүртгэхгүй байх улс төрийн намын тухай хууль байхад Дээд шүүхийнхэн хэн нэгнийг нь бүртгэж эрсдэлтэй алхам хийхгүй байх гэнэ.

Үүнээс гадна УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан энэ долоо хоногтоо багтаж хуралдах төлөвтэй байна.

Мэдээж уг шийдвэрийн ард эрх баригчид байгаа гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу. Учир нь Лу.Гантөмөрийг ийм эрт намын даргаар бүртгэж, АН-ыг нэгдсэн нэг зохион байгуулалтад оруулчихвал МАН-ынханд ашиггүй. Найман жил дараалж МАН-аар засаг бариулчихсан, дээр нь хулгай, луйвар бүхэн МАН руу очиж наалдаж буй энэ цаг үед АН хүчтэй өрсөлдөгч болж гарч ирвэл ирэх сонгуулиар эрх баригчид ялагдах өндөр магадлалтай. Тиймээс тэртэй тэргүй ээдрээтэй болж буй улс төрийн нөхцөл байдлыг Лу.Гантөмөр тэргүүтэй АН-ыг нэг хэсэгтээ зовоох нь МАН-д ашигтай.

Ямартаа ч Ардчилсан намынхан С.Эрдэнэтэйгээ, Х.Баттулгатайгаа дотооддоо бүрэн ойлголцож байж л намаа албан ёсоор нэгтгэх. Цаашлаад намын даргаа Дээд шүүхэд бүртгүүлэх шаардлага тулгарлаа. Саяынх шиг С.Эрдэнийг эсвэл Х.Баттулгыг орхигдуулсан нэгдэл амжилт олохгүй гэдгийг олон удаагийн үйл явцаар эрх баригчид баталгаажуулж өгч байна. Энэ нь Ц.Туваанаас эхлээд М.Тулгат, О.Цогтгэрэл, Х.Баттулга нараар харагдсан бол өнөөдөр Лу.Гантөмөр, Д.Ганбат нараар үргэлжилж байна.

Ийнхүү АН-ын даргын асуудал ахиад гараанаасаа эхлэх бололтой. Гэхдээ Дээд шүүхийн эцсийн хариу гараагүй бөгөөд Лу.Гантөмөр тэргүүтэй АН-ынханд С.Эрдэнэтэйгээ тохирч Д.Ганбатын материалыг эргүүлэн татуулах сүүлийн боломж хэвээрээ байгааг сануулах нь илүүц биз. Уг нь Ардчилсан нам эргэн эвлэж, хүчтэй сөрөг хүчин байх нь Монголын ирээдүйд, Монголын ардчилалд хэрэгтэй. Бүр нарийн яривал Монголын Ардын намд ч хэрэгтэй зүйл.

Г.Лхагвадорж

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНТУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, захидал илгээжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНТУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, захидал илгээжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.