Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайгаас Булган-Мөрөн, Мөрөн-Улиастай, Эрдэнэт-Булган чиглэл мөн Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайгаас Улаанбаатар-Арвайхээр зэрэг чиглэлүүдэд тээвэрлэлт болон хот хоорондын хүнд даацын ачаа тээвэрлэлтэд “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ , “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Тээврийн цагдаагийн алба” холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг хийж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайдаас өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу авто зам, замын байгууламжийг хамгаалах зорилгоор тухайн чиглэлд зорчиж буй хүнд даацын тээврийн хэрэгсэлд жин тонны хэмжилтийг хийж байгаа бөгөөд “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2020 стандартын 5,8,1,1-д заасны дагуу 44тн-оос дээш даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж авто зам, гүүрийг эвдэж, хохирол учруулж байгааг шалган тогтоож, зөрчлийг арилгуулах, автотээврийн хяналт тавихаар хяналт шалгалтыг 21 аймаг дах авто зам ашигласны төлбөр хураах 30 цэгт зохион байгуулан ажиллаж байгаа аж. Энэ талаар "Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ"-аас мэдээлсэн бөгөөд,
"Том оврын даац хэтрүүлсэн авто машин зорчих нь авто замд нүхэн эвдрэл, овоолт суулт үүсгэн авто замын насжилтад сөргөөр нөлөөлсөөр байна. Үүнээс үүдэн авто замын осол аваар гарч, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө ихээр хохирох, аюулгүй байдал алдагдах эрсдэл бий болсоор байна.
Тус хяналт шалгалтын хүрээнд даац хэтрүүлэх зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахын зэрэгцээ хамгийн эхний хяналт шалгалт хийгдсэн цэгээс ачаа үүссэн цэгт буцааж, гаргасан зөрчлийг арилгуулах, илүү ачсан ачааг буулгуулах, хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлэхийг хориглох зэрэг арга хэмжээ авч байгаа тул эхлэлийн цэгээс стандартын шаардлагад нийцүүлэн ачаа тээвэрлэх арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.
Цаашид дээрх стандартын шаардлага баримтлаагүйгээс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж, хувь хүн өөрсдөө хариуцаж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулах болохыг мэдэгдье" гэв.