Долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар, мөн хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл хийдэг. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар “Манай хороо-Миний гудамж” аян болон зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хот, нийтийн аж ахуйн ажлын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Өнгөрсөн хоёр долоо хоногт УБЗАА бүрэн бүрэлдэхүүнээрээ дүүрэг, хороодод ажиллалаа. Ингэхдээ бид дүүрэг, хороодод тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, зарим нэгийг нь газар дээр нь шийдэж байна. Хот, нийтийн аж ахуй болон бусад асуудалтай холбоотойгоор шийдэл олох, бусад агентлаг, газруудтай уялдаа холбоогоо сайжруулж ажиллана.
Хотын зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний ажил жигдрээд явж буй. 457 аж ахуйн нэгж, байгууллага 19,305 ам метр талбайг цэвэрлэлээ. Мөн 100 СӨХ-ны оролцоотойгоор 84,374 ам метр талбайн халтиргаа гулгаа, дагтаршсан цас мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Зөвхөн хотын төв ч бус, зуслангийн бүс болон алслагдсан замуудыг цэвэрлэхэд анхаарч байна.
Нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах ажил үргэлжилж байна. Нийт 980 гаруй ажилчин, албан хаагч 150 гаруй техниктэйгээр ажиллаж, 10,500 гаруй тоо толгой малыг гаргалаа. Төв аймаг болон Налайх дүүргээс орж ирж байгаа малын эзэдтэй ойлголцох, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулж байна.
Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт халиа тошин үүсэж буй бүсэд Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-тай уялдан ажиллаж, хүн хүч, машин техникийн нэмэлт дэмжлэг үзүүлж байна. Тодруулбал, ГУББГ-аас нийт зургаан байршилд 3584 шоо метр мөсөнд суваг гаргаж, 1017 шоо метр мөсийг зөөж тээвэрлэн, 680 тонн шороон хаалт хийж, 250 кг бодис цацан, 6800 шоо метр ус соруулсан” гэсэн юм.
Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг байнгын ажиллагаатай, өнгө үзэмжтэй байлгах зорилтын хүрээнд нийтийн бие засах газар, автобусны буудлуудыг тохижуулах, аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх талбайн зураглалыг хийлгэж, тохижуулах, асуудлаар GS-25, CU сүлжээ франчайзингтай хамтарч ажиллахаар болсныг тэрбээр онцолсон. Мөн эзэнгүй муур, нохойн тоог хязгаарлах ажлыг шинэ тарифаар гүйцэтгэх, халиа тошин үүссэн үед ашиглах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж буй гэв.