Вертуал хөрөнгө буюу цахим мөнгө гэдэг ойлголтоор ямар ч хуулийн зохицуулалт, хяналтгүйгээр олон иргэнийг санхүүгийн дампууралд хөтөлж, мөнгө угаах хэрэгслийн золиос болгож буй асуудалтай холбогдуулан Засгийн газрын зарим сайд нараас "та койн худалдаж авч байсан уу", "таны эргэн тойронд койн авч хохирсон хүмүүс бий юу" гэсэн асуултад хариулт авлаа.
"С.Амарсайхан: Койны асуудлыг өмнө нь Монголбанканд анхааруулж байсан ч өнөөдөр Хадгаламж зээлийн хоршоод шиг хүнд байдал үүсчихлээ"
Шадар сайд С.Амарсайхан: Би койн огт авч үзээгүй. Ер нь койны үйл ажиллагаатай холбоотой асуудлыг анхнаас нь бид Монголбанканд зохих шаардлагыг тавьж байсан. Хяналтгүй байж болохгүй. маш олон иргэд хохирох эрсдэлтэй гэдгийг сануулж байсан. 2000 оны эхээр болж байсан хадгаламж зээлийн хоршоод шиг асуудал болохыг үгүйсгэхгүй гэж хэлж байсан. Харамсалтай нь тухайн үед тодорхой зохицуулалт хийгээгүй. Тиймээс өнөөдөр энэ койн гэдэг зүйл ардаа ямар ч баталгаагүйгээр хийгдсэн арилжааны хэрэгсэл болж байгаа учраас эхнээсээ иргэд хохирч байгаа асуудал өндрийг авч байна шүү дээ. Уг асуудлыг нэн даруй хуул хяналтын байгууллагууд цэгцлэх шаардлагатай байна. Миний хувьд койны бизнес эрхэлдэг нэг ч хүнтэй хамааралгүй гэдгээ хэлье.
"Ц.Даваасүрэн: Хөвсгөл аймагт койны хохирогч болсон иргэд 5 орчим тэрбум төгрөгөө алдаад байна"
БХБ-ын сайд Ц.Даваасүрэн: Би койн худалдаж авах нь битгий хэл огт итгэдэггүй. Одоо жишээлбэл манай аймагт "Бэлтэс мөрөн" ХХК гээд бас нэг мөнгөний луйвар хийдэг компанийн асуудал үүссэн. Хөвсгөл аймгийн олон иргэдийн мөнгийг өсгөж үржүүлж өгнө, санхүүгийн эрх чөлөөнд хүргэнэ гэж луйвардсан байдаг. би тухайн үед нь хэлж л байсан л даа. Дэлхий дээр ийм бизнес байдаггүй юм гэж. Гэтэл харамсалтай нь койныг янз бүрийн хүмүүс сурталчилгаа хийж хүмүүсийн итгэл үнэмшил дээр дөрөөлж мөнгийг нь хий хоосон хөрөнгөөр сольж авч байна шүү дээ.Хөрөнгө, санхүүгээр хохирсон хүмүүс манай аймгаар нэг бий. Миний сонссоноор 5 орчим тэрбум төгрөг алдчихсан иргэд харамсаад байж байна шүү дээ. Үүнээс гадна Бэлтэс мөрөн ХХК-д алдсан хөрөнгийн хэмжээ л гэхэд бараг 60 тэрбум төгрөг алдсан байсан. Иймэрхүү мөнгө угааж, бусдыг луйварддаг хэсэг бүлэг этгээдүүдийн арга хэрэгсэл улам нарийсаж хэлбэрээ өөрчилж байгаа нь аюулын харанга дэлдэж байна.