Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Эрэгтэй дээл 250-450 мянга, эмэгтэй дээл 180-320 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
9 минут 54 секунд

Ердөө гуравхан долоо хоногийн дараа Монгол түмний хүсэн хүлээсэн сар шинийн баяр тохиох гэж байна. XVII жарны Харагчин Туулай жилд Монгол хүн бүр эрүүн саруул, энх тунх байхыг бэлэгдэн гэр орныхоо тоос, шороог гөвж, идээ, ундаагаа базааж, үндэснийхээ уламжлалт дээл хувцсыг бэлтгэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Сүүлийн хэдэн жилийн өмнөөс найман настай балчраас эхлээд наян настай буурал хүртэл үндэснийхээ дээл хувцсыг өмсөж, Монгол брэндүүдээрээ гангарцгаах болсон. Энэ ч утгаараа үндэсний дээл, хувцасны өнгө загвар, чиг хандлага, хэлбэр дизайн цаг ямагт хувьсан өөрчлөгдөж улам илүү тансаг болсоор. Тиймээс иргэд сар шинийн баяртаа зориулан дээл, хувцсаа базааж байгаа тул хэд хэдэн худалдааны төв болон томоохон брэндүүдэд дээлний үнэ, өртөг ямар байгаа талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

"Дүнжингарав" худалдааны төв

Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлчүүд хамгийн түрүүнд Дүнжингарав худалдааны төвийг зорьдог. Үнэ өртөг, загвар хийцийн хувьд сонголт арвинтай байдаг тул энэхүү худалдааны төвийг зорьдог гэхэд хилсдэхгүй. Цагаан сарын баяр хаяанд ирсэн энэ үед Дүнжингарав худалдааны төвд хэдийнээ дээл, хувцас дэлгэгджээ. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, дотортой, доторгүй, хамбан, торгон, хос, дан гээд төрөл бүрийн дээл өнгө загварын өргөн сонголттой худалдаалагдаж байна.

Бид "Молор урлан" цехийн борлуулагч Б.Энхтөрөөс эрэгтэй, эмэгтэй дээлний үнэ өртөгийн талаар тодруулахад, материалын чанар болон загвар хийцээсээ хамааран өөр өөр үнэтэй байгаа талаар хэлсэн юм. Тэрбээр,

Эрэгтэй дээл 250-450 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна

"Худалдан авалт хийж буй иргэдийн хувьд өнгө үзэмжээс илүүтэй хийц, чанарыг сайтар анхаарч байж худалдан авалт хийж байна. Материал болон загвараасаа шалтгаалан өөр өөр үнэтэй байгаа. Одоогоор хүүхдийн дээл байхгүй. Мөн гаднаас ирж байгаа материалын үнээс хамаарч дээлний үнэ хэлбэлздэг. Эрэгтэй хөвөнтэй дээлүүд 250 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

  • Эрэгтэй дээл 250-450 мянган төгрөг
  • Эмэгтэй дээл 200-300 мянган төгрөг
  • Хос дээлний хувьд 450- 650 мянган төгрөг
  • Торгон цамцнууд 80-100 мянган төгрөгийн хооронд. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй.
  • Эрэгтэй хүрэмнүүд 45-550 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна. Булган эмжээртэй, торго болон үйтэн хуаран материалтай" гэлээ.

Харин тус худалдааны төвд үйлчилгээ эрхлэгч Э.Нараа худалдан авалтын талаар мэдээлэл өгсөн юм.

Эмэгтэй дээлүүд 180-320 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна

"Дээл нь материал болон загвараасаа хамаараад өөр, өөр үнэтэй байна. Ковидын үед хил гааль хаагдсантай холбогдуулан үнэ нь нэмэгдэж байсан. Түүнээс хойш нэг их нэмэгдэж, өөрчлөгдөөгүй байна. Одоогоор худалдан авагчид цагаан сарын эд үетэй харьцуулахад бага байна. Яг цагаан сар дөхөх үеэр эрэлт ч нэмэгддэг. Үнийн хувьд гэвэл,

  • Хиймэл хурганы үстэй, дотортой дээлний хувьд 280 мянган төгрөг
  • Япон торгон дээлүүд 300 мянган төгрөг
  • Цамнууд 85 мянган төгрөг
  • Загварын дээлүүд 180-220 мянган төгрөгийн хороронд
  • Эмэгтэй том хүний хантааз 120 мянган төгрөг
  • Хөвгүүдийн хүрэм, хантааз том, жижгээсээ шалтгаалаад 75-100 мянган төгрөг
  • Хүрэм 200 мянган төгрөг, Япон торгоор хийсэн.
  • Хүүхдийн дээлүүд 85-100 мянган төгрөг. Нас наснаасаа хамаараад харьцангуй өөр, өөр байна. Эрэгтэй дээл манайд байхгүй. Дандаа эмэгтэй дээлүүд байна. Том хүний эмэгтэй дээлүүд 180-320 мянган төгрөгийн хооронд л зарагдаж байна" хэмээв.

"Шинэ зуун айл" худалдааны төв "Амар байна уу" үзэсгэлэн

Сар шинийн баярыг тохиолдуулан "Амар байна уу" үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж буй. Тиймдээ ч тус үзэсгэлэн худалдаанд оролцогч худалдаа эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүй харин хамгийн хямд үнийн бодлогыг баримтлахыг зөвлөж байгаа юм. Тэгвэл үзэсгэлэн худалдаанд оролцож буй худалдаа эрхлэгчдийн үйлдвэрлэсэн үндэсний дээл, хувцас ямар үнэтэй байгаа талаар тодруулахад урлан, цех бүр өөр өөрийн онцлогоос хамаарч үнийн хувьд өөр байгаа талаар хэлж байлаа.

Видео:

"Уран Интегра" ХХК-ийн борлуулагч дээлнийхээ онцлог хийгээд үнийн мэдээллийг өглөө.

Солонгос сайжруулсан нэхийгээр хийгдсэн хүүхдийн дээл, малгай 100-150 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна

"Манай дээлний хувьд Солонгос сайжруулсан нэхийгээр хийгдсэн гэдгээрээ онцлогтой. Хүүхдийн дээлүүд 100-150 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Малгайтайгаа хосоороо, нас, наснаасаа хамаараад өөр үнэтэй байгаа. Харин эмэгтэй дээлний хувьд 250 мянган төгрөг. Эрэгтэй дээлүүд дандаа захиалгаар гарч байгаа. Өмсөхөд эвтэйхэн, дулаахан, хөнгөн, угааж болдог гэдгээрээ ч мөн давуу талтай. Малгайнууд нь дангаараа 30 мянган төгрөгийн үнэтэй байгаа" гэв.

Харин худалдан авагч Н.Ханд "Бусад худалдааны төвүүдэд дээлний үнэ ямар байгаа талаар сайтар судлаагүй байна. Тийм болохоор харьцуулж хэлэхэд хэцүү юм. Гэхдээ өнгөрсөн хэдэн жилийг бодвол дээлүүдийн үнэ нэмэгдсэн гэдэг нь анзаарагдаж байна. Магадгүй хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалсан байх" гэлээ.

Тус үзэсгэлэн худалдааны онцлог бол орон нутагт үйлдвэрлэл эрхлэгчид байгаа гэдгээрээ онцлогтой. Тийм ч учир олон ястны дээл хувцас ч худалдаалагдаж байв.

Үндэстэн ястнуудын дээл өөр, өөрийн онцлогоос хамаарч үнийн хувьд өөр байна

Үзэсгэлэнд оролцогч "Иргэд үндэстэн, ястныхаа дээл хувцсыг илүүтэй онирхож байна. Манайх халх үндэстний дээл хувцас тэр дундаа Халх хатны хувцас, өөлд, буриад ястны дээл хувцсаас эхлээд малгай, бүс, үсний уут зэргийг дэлгэсэн байгаа.

  • Буриад эрэгтэй дээл 350-450 мянган төгрөг
  • Буриад эмэгтэй дээл 550 мянган төгрөг
  • Буриад хүүхдийн дээл эрэгтэй, эмэгтэйгээсээ хамаараад 100 мянган төгрөгөөс дээш
  • Халх хатны дээл малгайн гоёлтойгоо мөн Өөлд эмэгтэй дээл малгайтайгаа 500 мянган төгрөгөөр зарагдаж байна" хэмээлээ.

Бид худалдан авалт хийж байсан нэгэн иргэнээс сэтгэгдлийг нь сонсоход,

Цагаан сарынхаа гоёлоор үндэстэн, ястныхаа дээлийг сонгож байна

"Сар шинийн баяраар өмсөх дээлээ сонгоод явж байна. Халх хатны дээл өмсөж үзлээ. Мөн Өөлд ястны дээлийг өмсөж үзлээ. Үүнээсээ сонголтоо хийнэ гэж бодож байна. Хэрэв таарахгүй бол размераа өгөөд захиалж болох талаар худалдааны зөвлөхүүд хэллээ. Түүнээс гадна толгойн гоёл, малгай нь өөрсдийн гараар хийгдсэн талаар хэлж байна лээ. Үнийн хувьд 500 мянган төгрөг гэсэн" гэв.

Томоохон худалдааны төвүүд болон үзэсгэлэн худалдаанд эмэгтэй монгол дээл 180 мянган төгрөгөөс дээш үнэтэй байгаа бол эрэгтэй дээлүүдийн хувьд 250 мянган төгрөгөөс эхэлж байна. Тэгвэл зарим томоохон брэндүүдэд үндэсний дээл, хувцас ямар үнэтэй байгаа талаарх мэдээллийг мөн цуглуулав.

Үндэсний хувцас үйлдвэрлэгч зарим брэндүүд

"Борголжин" брэндийн үндэсний дээл 280 мянган төгрөг

Борголжин брэндийн эмэгтэй дээл мөн богино торгон дээлүүд 280 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Хатгамалтай бүс 45 мянган төгрөг, дурдан бүс 15 мянган төгрөг, торгон бүс 45 мянган төгрөгөөр зарагдаж байгаа аж.

"DEED's" брэндийн торгон дээл 248 мянган төгрөг

Үндэсний хэв шинж, уламжлалт загвартай торгон дээлүүд 248 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаагаас гадна дээлний загвараас шалтгаалан дурдан бүс, торгон богц бэлгэнд авах боломжтой.

"UV" брендийн дээлүүд 370 мянган төгрөгөөс 1,2 сая төгрөг

"Өв" брэндийн дээлүүд 370 мянган төгрөгөөс 1,2 сая төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа аж. Түүнээс гадна POCKET APP ашиглан зургаа хуваан төлбөрөө төлөх боломжтой.

Сурвалжлагын эхэнд дурдсанчлан сүүлийн жилүүдэд үндэсний дээл, хувцсын загвар маш шинэлэг, гоёмсог болон өөрчлөгдөж байгаа. Түүнийг даган материал, чанарын хувьд ч өөр өөр болж, чанартай материалаар хийгдсэн үндэсний хувцасны үнэ харьцангуй өндөр байгаа талаар худалдаа эрхлэгчид ч хэлж байгаа юм. Бидний бэлтгэсэн сурвалжилгаас харахад эмэгтэй дээлний хувьд 180 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол эрэгтэй дээл 250 мянган төгрөгөөс эхэлж байна.

СБД-ийн Засаг дарга Х.Болормаа ахмадуудад гурил, будаа, еэвэн авах 1.3 тэрбум төгрөгийн тендерээ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ
СБД-ийн Засаг дарга Х.Болормаа ахмадуудад гурил, будаа, еэвэн авах 1.3 тэрбум төгрөгийн тендерээ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ
 
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.