АН энэ сарын 19-ний өдөр хуралдаж, намын даргаараа Лу.Гантөмөрийг сонгосон. Гэтэл С.Эрдэнэ энэ сарын 28-нд намын даргын сунгааг зохион байгуулж, АН-ын даргаараа УИХ-ын гишүүн Д.Ганбатыг сонгосон юм. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриас цөөн зүйлийг тодрууллаа.
-Та бүхэн өнгөрсөн баасан гарагт УДШ-д АН-ын даргаар Лу.Гантөмөрийг бүртгүүлэхээр материалыг нь өгсөн. Гэтэл өнөөдөр АН-ын дарга асан С.Эрдэнийн зохион байгуулсан АН УДШ-д УИХ-ын гишүүн Д.Ганбатыг намын даргаар сонгох материалаа өгч байна. Цаашдаа хоёр даргатай, хоёр АН явах юм уу. Яг хууль ёсных нь аль юм бэ?
-АН-ын бүх үйл ажиллагаа дүрмийн дагуу явах ёстой. 2019 онд УДШ-д АН-ын үзэл баримтлал, дүрэм журмыг бүртгүүлсэн. 2020 онд УИХ-д нэр дэвшсэн хүмүүс бүгд УДШ-д бүртгүүлсэн дүрмээр явсан. Улмаар 2022 оны гуравдугаар сард хийсэн дүрмийн өөрчлөлт УДШ дээр байгаа. Тэгэхээр энэ дүрмийн дагуу АН-ын үйл ажиллагаа явагдах ёстой. Энэ дүрэмд ямар нэгэн цахим, сунгаа гэдэг зүйл байхгүй. АН-ын төлөөллийн төв байгууллага буюу ҮБХ нь шийдвэрээ гаргах дүрэмтэй. Тиймээс энэ дүрмийн дагуу бид эрхзүйн чадамжтай үйл ажиллагаа явуулж байна.
С.Эрдэнийг АН-ын дарга биш гэдгийг УДШ нотолчихсон шүү дээ. Нэгдүгээрт, дүрмээрээ улстөрийн сонгуульд ялагдвал АН-ын дарга автоматаар огцордог.
Хоёрдугаарт, АН-ын өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд намын даргаа бүртгүүлэх гэхэд УДШ-ээс 7 удаа буцаасан. Яагаад ингэж олон буцаасан гэхээр АН-ыг төлөөлөх эрхтэй хүн нь С.Эрдэнэ биш гэдэг. Төлөөлөх эрхтэй хүн нь АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр. Мөн төлөөллийн төв байгууллага нь хоёр тусдаа хуралдаад байна гэдэг. Тиймээс бид нийлж хуралдаж, ҮБХ-ны 300 гаруй гишүүний 293 нь ирсэн гэхээр ирц 80, 90 хувьтай байлаа.
Гэтэл сонгуульд ялагдчихаад "Би одоог хүртэл АН-ын дарга гээд ичихгүйгээр бичээд байгаа. Бид бодит нам нь" гээд байгаа хүмүүс хурлаа хийгээд материалаа зэрэгцүүлээд өглөө. Энэ бол АН-ыг бүртгүүлэхгүй байх, хүчгүй байлгах гэсэн хүсэл байх. Тэдний хийсэн хуралд таньж мэдэх хүн огт алга.
Мөн цахимтай хамт хийлээ гээд байна. Зарчимтай байх ёстой. Тус сунгаанд нь оролцсон Л.Гүндалай гэдэг хүн хүртэл энэ луйвар болчихлоо гэж байна. Харахад л луйвар нь тодорхой байсан. Орой 16 цагийн үед 20-оод мянган хүн санал өгч байна гэснээ гэнэт яахаараа 20.00 цагийн үед 70-аад мянга болчихдог юм. Энэ бол боломжгүй юм. С.Эрдэнийн зохион байгуулсан хурал хүчингүй. Учир нь тэр хүнийг УДШ намын дарга биш гээд баталчихсан. Энэ бол гэмт хэрэг.
-Өөрийгөө хууль ёсны дарга. Тамга тэмдэг надад байна гэж ярьдаг. Хэрвээ УДШ Д.Ганбатыг намын даргаар бүртгэвэл тамга тэмдгээ өгнө гээд байгаа?
-Эрхзүйн чадамжтай хүмүүс хурлаа хийгээд, хурлынхаа шийдвэрээр тамга авдаг биздээ. Тэгэхээр тэр хүмүүс тамгаа мэдэх ёстой. Жишээлбэл, АН-ын бүр анхны тамга Ерөнхийлөгч асан Х.Баттулга гуайд байгаа. Хаясан гэсэн. Гэтэл хаягдаагүй л байгаа байхгүй юу. С.Эрдэнэ бас тамга гаргаад ирсэн. Тэгэхээр тэр 2 тамгын аль нь ч хүчингүй. Төлөөллийн төв байгууллага нь шийдвэрээ гаргаад, олонхоороо шийдээд явах ёстой. С.Эрдэнийн тамга, хууль ёсны нам гэж байхгүй. Олон жил энэ намыг зарж, үрж идэж, наймаалцаж, өөрийнхөө баяжих, улстөрд нөлөөллөө тогтоох гэсэн арга хэрэгсэл болгохоо авч үлдэх гэсэн эцсийн ичгүүргүй арга. С.Эрдэнэ гэж дарга байхгүй гээд хэлчихсэн УДШ-ийн нотлох баримт байхад байхгүй С.Эрдэнэ, байхгүй ҮБХ-ны хурлыг зарлах эрх байхгүй. Байхгүй зүйлээс гарах шийдвэр хүчингүй. Дээд шүүх ямар нэгэн улстөрийн том нөлөөнд багтаагүй л бол Лу.Гантөмөрийг бүртгэхээс өөр аргагүй. УДШ бүртгэх үүрэгтэй.