Яллагдагч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт эхэлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр яллагдагч нарын өмгөөлөгч нараас хэргийг прокурорт буцаахаар гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн, анхан шатны шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт нээлттэй явуулахаар товлон зарласан.
Ингэхдээ прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар