Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзан, төслүүдийн явцтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцсон. Энэ үеэр Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн зохицуулагч Б.Чандман дараах зүйлүүдийг ярьлаа. Тэрбээр,
"Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл 2020-2024 он хүртэл хэрэгжих юм. Энэ хүрээнд Эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдал дарж булах төвлөрсөн хогийн цэгийн барилга, Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах, төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм нийлүүлнэ.
Эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдал дарж булах төвлөрсөн хогийн цэгийн барилгыг Морингийн давааны хогийн цэгт одоо ашиглаж байгаа талбайн хажууд байгуулах ба энэ нь ашиглалтад орсноор хуучин хогийн цэгийн үйл ажиллагааг зогсоож, нөхөн сэргээлт хийх бөгөөд шинэ байгууламжид Улаанбаатар хотоос ялгарч буй хог хаягдлыг хүлээн авна.
Мөн барилга болон барилга буулгалтын хог хаягдлыг бутлан дахин боловсруулж 20, 30, 40 мм-ийн хэмжээтэй хайрга үйлдвэрлх юм. Тус үйлдвэр энэ жил ашиглалтад орох бөгөөд төвлөрсөн хогийн цэгт ажиллах 29 машин механизмыг нийлүүлэхээр төлөвлөсөн.
Мөн хогийн цэгт хог түүдэг иргэдэд ажлын байр бий болгох, сургалтад хамруулах зэрэг ажлууд хийнэ" хэмээлээ.