Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр /2023.01.23/ төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзан, төслүүдийн явцтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг дээрх дэд төвүүдэд хэрэгжүүлэх талаар тус төслийг зохицуулагч Б.Болд-Эрдэнэ танилцуулсан юм.
Тодруулбал, Төсөл долоон жилийн хугацаанд таван үе шаттай хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд гэр хорооллын 100 га талбарт 10,000 айлыг орон сууцжуулах юм. Нэгдүгээр үе шат нь 2022-2024 он хүртэл хэрэгжих бөгөөд Баянхошуу дэд төвийн чөлөөлөлт хийсэн газарт 260 айлын, Шархад дэд төвд 400 айлын орон сууц барих төлөвлөлтийг боловсруулжээ.
Хотын дарга одоо байгаа бодит нөхцөл байдлыг харж, бодитоор төлөвлөж, нийслэлд өр үүсгэхгүй байхад анхаарах хэрэгтэйг сануулж, хариуцлагатай байж, эргээд эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатайг онцолж байлаа. Мөн дахин танилцуулахыг үүрэг болгожээ.