Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мандуул: Энэ онд өнгөрсөн жилтэй дүйцэхүйц хэмжээний эргэн төлөлт бүрдүүлэхийг зорьж байна

Огноо
Унших
20 минут 36 секунд

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа.

-Өнгөрсөн оны яг өдийд Хөгжлийн банк чанаргүй зээлийн эрсдэлд орсноо зарлаж байсан. Жилийн өмнөхтэй харьцуулахад банк найдваргүй зээлдэгчдээ шүүхэд өгч, АТГ-т шалгуулж, зээлээ эргэн төлүүлж, “Самурай” бондын эргэн төлөлтийг төвлөрүүлж, Монгол Улс дефолт зарлах эрсдэлийн ард гарч чадлаа. Жилийн өмнө ийм хэмжээний ахиц гаргана гэж тооцож байсан уу?

-Төсөөлөхөд хүнд нөхцөл байдал руу орж байлаа. Ийм өргөн далайцтай, олон салбар, компаниуд, албан тушаалтан, эрх мэдэлтэй хүмүүсийг хамарсан зүйл өмнө нь болж байсныг мэдэхгүй юм. Төрийн зүгээс холбогдох байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж, үүнд Засгийн газар манлайлж оролцсоны үр дүн гарч байна. Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Хөгжлийн банкны бүх зээлдэгчийн мэдээллийг ил тод болгосон. Хууль, хяналтын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, иргэд олон нийтийн оролцоо, дэмжлэгийн хүчинд бид нэг жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийн зээлийг барагдуулж чадлаа. Мөн бидний 2022 онд хийсэн нэг том ажил бол “Самурай” бондын эргэн төлөлтийг төсөвт дарамтгүйгээр шийдсэн. Иенийн ханш уналттай байх үеийг ашиглан Монголбанкны тусгай дансанд “Самурай” бондын 30 тэрбум иенийг байршуулсан. Энэ оны арванхоёрдугаар сарын 25-нд тус бондын эргэн төлөлтийг хийхэд ямар ч асуудалгүй гэсэн үг.

-Энэ онд мөн “Евро” бондын эр­гэн төлөлтийг хийх хуваарьтай. Энэ төлбөрийг хэрхэн бүрдүүлэх вэ?

-”Евро” бондын 500 сая ам.дол­ларын 50 гаруй саяыг нь үнэ хямд байхад зээлийн эргэн төлөлтөөрөө худалдаж авсан. Өөрөөр хэлбэл, бондын үнэ хямд байх үеийг ашиглан 51.6 сая ам.долларыг эргүүлж хийгээд 10 орчим сая ам.долларыг хэмнэсэн. Энэ бондын эргэн төлөлтөөс одоо 450 сая ам.долларын төлбөр үлдэж байна. Бондын эргэн төлөлтийг хийх тал дээр Сангийн яаман дээр ажлын хэсэг байгуулагдаад төлөвлөгөө гарган ажиллаж байна. Саяхан Засгийн газрын бондын дахин зохицуулалтын асуудал амжилттай шийдэгдлээ. Үүний араас манай “Евро” бондын асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж харж байна.

-Жилийн дотор нэг их наяд төгрөгийн зээл төлүүлнэ гэдэг том амжилт, үр дүн. Одоо нийт зээлдэгчтэй холбоотой хэчнээн төгрөгийн хохирол яригдаж байгаа вэ?

-Зээлийн эргэн төлөлтийн бэлэн мөнгө, үнэт цаас, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө гэсэн төрлөөр төлүүлж байна. 2022 онд нийт 16 төсөлд олгосон зээл бүрэн төлөгдөж хаагдлаа. Шинэ он гарахын өмнөхөн ТОСК ТӨҮГ-аас “Буянт-Ухаа 1, 2”, “Шинэ яармаг” хорооллын төсөлд олгосон зээлүүд төлөгдөж хаагдсан. Өнөөдрийн байдлаар банк 52 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Ер нь зээл төлөлт эрчимжих хандлагатай болсон. Харин зээлдэгчидтэй холбоотой хохирлын асуудал бол хууль хяналтын байгууллагаар явна. Банкны хувьд зээлийн эргэн төлөлтөө хангуулах тал дээр анхаарч ажиллах юм. Энэ нэг жилийн хугацаанд банк цаашдаа хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн. Гэхдээ мэдээж бид өмнөх шиг ажиллаж болохгүй. Өмнөх алдаа дутагдлаас сургамж авч, ялангуй засаглалын асуудлаа шийдэх ёстой.

-Энэ долоо хоногт Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүү­жүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах УИХ-ын түр хороо “Нотлох баримтыг шинжлэн судлах” сонсгол зохион байгуулж байна. Сонсголын уур амьсгалаас та юуг илүү мэдрэв?

-УИХ-ын хянан шалгах түр хороо 2022 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан цагаас хойш шинжээч нар болон гишүүдэд банкны зүгээс төрөл бүрийн мэдээллийг хангаж өгч, бүх талаар хамтран ажиллаж байна. Түр хорооны шинжээч нар хараат бусаар, маш олон кэйс дээр ажилласны үр дүнг өнөөдөр сонсголоос харж болохоор байна. Энэ сонсголын гол үр дүн нь хэн нэгнийг яллах биш, Хөгжлийн банкны хэргээр нийгэмд шуугиан болсон асуудлын цаана яг юу болсон бэ гэдгийг олон нийтэд нээлттэй, цэгцтэй, зөв мэдээллийг нотлох баримт дээр тулгуурлан өгөх зорилготой. Эндээс хамгийн гол нь яагаад ийм зүйл болов, дахиж ийм алдаа хэрхэн гаргахгүй байх вэ гэдэг нийгмийн суурь ойлголт, хөрсийг бэлдэж өгөх зорилготой гэж харж байна. Сонсголын уур амьсгалаас хариуцлага ч, хяналт ч сул байжээ гэдэг нь нотлогдож байна. Ер нь хаана, хаанаа сургамж авах зүйл их байгааг харуулсан сонсгол боллоо.

-Магадгүй зээлийн асуудлаар банкан дээр хэзээ ч ирж байгаа­гүй зээлдэгчид тэнд очсон байж болно. Банк зээлээ эргүүлэн авч болох юм байна гэсэн найдлага төрж байх юм уу?

-Бид бүх найдваргүй зээлдэгчдээ иргэний шүүхэд өгсөн. Гэхдээ найдваргүй зээлдэгчдийн барьцаа хөрөнгийг хураан авахаас илүү эргэн төлөлтийг нь хэрхэн хангуулах вэ, боломж харагдаж байгаа төслүүдийг нь хэрхэн амилуулах вэ гэдэг дээр илүү анхаарч ажиллаж байна. Банк үлдсэн зээлээ төлүүлж, үүссэн нөхцөл байдлын ард нь гарах боломж байна гэж харж байгаа. Ер нь найдлага тасрахгүй ажиллаж байна. Өөрөө найдахгүй, төлүүлнэ гэж итгэхгүй байсан бол ингээд өдийд нэг их наяд гаруй төгрөг төлөгдөхгүй байсан байх. Хэдий хүндрэлтэй, “хоёр чихнээс өөр авах юмгүй” гэх чанга зээлүүд байгаа ч боломжит бүх хувилбарыг судалж, зээлийг төлүүлж банкийг, улсыг хохиролгүй болгоно гэдэг дээр итгэлтэй байна. Бидэнтэй уулзахдаа хурдан төлье, биднийг уучлаарай гэдэг зээлдэгчид сонсгол дээр ирээд Хөгжлийн банкны буруугаас болоод, зээлээ хурдан олгохгүйгээс бидний төсөл эрсдээд, зээл муудчихсан ч гэдэг юм уу банкийг буруутгах мэдүүлгүүд өгч байна. Ихэнх зээлдэгчид Хөгжлийн банкнаас зээл дэмий авлаа, зээл авсандаа харамсаж байна гэж хэлж байна лээ. Энэ нь нэг талдаа баярлууштай.

-Одоогоор 80 гаруй хүний хэрэг шүүхэд очоод байна. Шүүхийн шийдвэр хэрвээ зээлдэгчдийн талд гарвал Хөгжлийн банк дахиад эрсдэлд орох вий гэсэн болгоомжлол бас байна?

-Яллагдагчаар татагдсан 80 гаруй хүний тухайд авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн үү гэх эрүүгийн журмаар шийдвэрлэгдэх асуудал юм билээ. Энэ хэрэг дээр Хөгжлийн банк хохирогчоор оролцоод АТГ, прокурорын байгуул­лагад шаардлагатай мэдээллийг гарган өгч ажиллаж байна. Банкны хувьд мөнгөө олж авах нь чухал байна. Зээлийн гэрээ байгуулж, мөнгө авсан нь үнэн бол төлөх нь гарцаагүй. Шүүх дээр ханшийн зөрүү, хүүгийн төлбөрийг бүрэн авах тал дээр банкны зүгээс анхаарч ажиллаж байна.

-“Эрэл”, “Бэрэн”, “Хөтөл” ХХК-ийн зээл төлөгдөөгүй үлдсэн зээл дотроо багагүй жин дарж байгаа. Асуудлыг зохицуулах гарц, шийдлүүд юу байна?

-Шүүх рүү шилжүүлсэн нийт нэг их наяд орчим төгрөгийн 32 зээл бий. “Хөтөл”, “Бэрэн”, “Эрэл” гурвын зээл нийлээд 800 орчим тэрбум төгрөг байна. “Эрэл” ХХК, “Хөтөл” ХХК-ийн хувьд 2019 оноос хойш шүүх хурал хойшилж явсаар анхан шатны шүүх хурлын шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй байна. “Хөтөл” ХХК огт эргэн төлөлт хийгээгүй. Тиймээс АТГ-т хэрэг нээгдчихсэн явж байна. “Эрэл” ХХК-ийн хувьд нийт зээлийн үлдэгдэл нь 180 тэрбум төгрөгт хүрсэн. “Эрэл” ХХК-ийн зүгээс байшин үйлдвэрлэх комбинат барьчихсан гэдэг. Тэр үйлдвэр нь ажилладаггүй. Ажилладаг байсан бол төслийнхөө орлогоос эргэн төлөөд явах ёстой. Гэтэл “Эрэл” ХХК “Улс надад ажил өгөхгүй байна” гэж яриад яваад байдаг. “Бэрэн групп” ХХК манайхаас хоёр зээлтэй байдаг. Нэг нь, гангийн үйлдвэр барихаар авсан зээл, нөгөө нь “Хангай” хотхоныг барих гэж авсан зээл. Энэ хоёр зээл нийлээд 180 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Гэтэл мөн л гангийн үйлдвэр нь ажилладаггүй. Банк бизнест зээл өгнө. Бизнесээ босгож ажиллуулах нь бизнесмэн хүний ажил. Банк төрийн өмнөөс бизнесийг нь дэмжээд хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл олгочихсон. Гэтэл нөгөө нөхөр ажлаа хийгээгүй байна. Бидний зүгээс зээлийн эргэн төлөлтөө хий гэж хэлээд зогсохгүй олон удаагийн уулзалт хийж байна. Манай зүгээс мөн шүүхэд хандчихсан явж байгаа. “Бэрэн”-гийнхэн ажилладаггүй үйлдвэрээ өрөндөө өгье гэх санал тавьсан. Тухайн үйлдвэрт хөндлөнгийн дүгнэлт гаргуулсан. Үүнд зарим процессын хувьд дутуу байна гэх дүгнэлт гарсан. “Хангай” хотхоны хувьд тухайн байрны мөнгө Хөгжлийн банкны данс руу төлөлт нь бүрэн хийгдсэн бол бид байрны ордерыг чөлөөлж өгч байгаа.

“Эрэл”, “Бэрэн” хоёр дээр үүссэн бас нэг асуудал нь өрөндөө үйлдвэр өгөх санал гаргаад байгаа. Гэтэл үйлдвэр банкны нүдээр харахад эрсдэл ихтэй. Хэрэв өрөнд нь үйлдвэрийг өмчлөлд авах бол нарийн мэргэжлийн шинжээчид ажиллах хэрэгтэй. “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг шиг мэргэжлийн байгууллагуудаар үнэлүүлж, дүгнүүлж байж шийдэх асуудал болоод байгаа юм. Банк зээлдэгчдээс үл хөдлөх хөрөнгүүдээ өрөнд өгье гэхээр нь зүгээр л аваад байгаа юм биш. Хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэнэ, зах зээлд борлуулалт нь ямар байх вэ, аль нь ашигтай байх вэ гэдгийг судална гээд маш их ажил явагддаг. Өнгөрсөн хугацаанд банк 200 гаруй тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөхийг өрөнд тооцон аваад байна.

-”Шинэ Яармаг”, ТОСК-ийн “Буят-Ухаа 1, 2” зэрэг хорооллоос байр худалдаж авсан иргэд зээлээ шударгаар төлж яваа. Ийм ээдрээтэй харилцааг зохицуулах гарц, шийдлээ банк тодорхойлсон уу?

-Бид зээлдэгчдийн хөрөнгийг хураана гэхээс илүү аль болохоор барьцаа хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг чухалчилж байна. Тиймээс ТОСК-тай ийм яриа, хэлэлцээрт орсон. Гэхдээ ТОСК “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” хороололд орон сууц авсан иргэдийн асуудлыг өөрсдөө хариуцна. Энд банк оролцохгүй, иргэдийн орон сууцыг хураах асуудал ч үүсэхгүй. Орон сууцны асуудал хөндсөнийх хэд хэдэн жишээг мөн дурдъя. “Чингис хаан” банканд 2019 онд манайх хадгаламж байршуулаад түүнийгээ одоо хүртэл олж авч чадахгүй байна. Тухайн үедээ “Чингис хаан” банкнаас 44 үл хөдлөхийг барьцаалсан байдаг. Үүн дотор ихэнх нь орон сууц барьцаалчихсан байсан. Бид барьцааны зүйлсээ шалгаж үзэхэд барьцаандаа авсан үл хөдлөхийн талаас илүүг нь иргэдэд зарж борлуулчихсан байсан. Жишээлбэл, “Хан хилс” хотхонд 22 байр байдаг. Үүний долоон орон сууцанд иргэдийг оруулчихсан. Тэгсэн мөртлөө энэ байрууд нь манай барьцаанд байдаг. Худалдаж аваад орсон иргэд нь байрны гэрчилгээгүй. Тэдгээр хүмүүс байрны төлбөрөө “Чингис хаан” банканд төлчихсөн гэх жишээтэй. Бидний зүгээс иргэдийг хохироохгүйгээр шийдэх гээд Эрүүгийн цагдаагийн газар тухайн компанийг өгчихсөн байна. Иргэдийг ч тэр, банкийг ч тэр хохироосон, санаатайгаар хийсэн залилангийн хэрэг гэж харж байна.

Гэхдээ энд нэг зүйлийг баттай хэлье. Бидний өнгөрсөн нэг жилийн хугацаанд авсан үл хөдлөх хөрөнгүүд дээр өмчийн маргаан байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлнэ. Нэг гол зарчим барьж байгаа нь мэдээлэлгүйн улмаас манай барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгийг худалдаж аваад мөнгөө төлсөн жирийн иргэдийг хохироохгүй гэсэн байр суурь дээр бид байна. Иргэд хохирох ёсгүй, залилан хийсэн буруутай эдгээд нөхөн төлөх ёстой гэсэн зарчим баримтлан ажиллаж байна. Тиймээс бид энэ тал дээр мэргэжлийн холбоодтой хамтран ажиллахаар болсон, удахгүй гэрээ зурагдана. Ингэснээр Хөгжлийн банкны үл хөдлөхийн борлуулалтыг мэргэжлийн холбоод хариуцан хийхээс гадна салбарын хэмжээнд нэг чухал шинэчлэл болж байгаа юм.

-Хөгжлийн банкнаас зээл авсан хувийн хэвшлийнхний дийлэнх нь өрөө төлөөд дуусч байгаа. Үлдсэн зээлийн хэдэн хувийг төр ийн өмчит аж ахуйн нэгжийн зээл эзэлж байгаа вэ?

-Засгийн газраас төрийн өмчит компаниудын өрийг барагдуулах тал дээр голлон анхаарал тавьж байна. Хуралдаанаараа төрийн өмчит компаниудын өр төлбөрийг барагдуулах асуудлыг олон удаа авч хэлэлцсэн. Өнгөрсөн зун Засгийн газрын хуралдаанаас 220 дугаар тогтоол гарч төрийн өмчит компаниудыг өр төлбөрөө хэрхэн барагдуулах шийдвэрүүд гарсан. Тэр тогтоолын дагуу ажил явж байна. Хамгийн том төлбөр “Эрдэнэс Монгол” ХХК 117 тэрбум төгрөгийн эргэн төлөлтөө хийсэн. Мөн МИАТ зээлээ бүрэн төлсөн гэх мэтчилэн тодорхой ахиц гараад явж байна. ЗГХЭГ-аас бидэнд тус нэмэр болж төрийн өмчит компаниудад зээлийн эргэн төлөлтийг шуурхай эргүүлэн төлөх үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

-Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед зээл төлөх нь аж ахуйн нэгжүүдэд бас чанга байгаа байх. Нэг их наядын зээлийн эргэн төлөлт эдийн засагт ер нь хэр нөлөө үзүүлж байх шиг байна?

-Эдийн засгийн тааварлашгүй нөхцөл байдалтай бүгд л нүүр тулж байна. Гадаадаас валютаар зээл санхүүжилт авч хөрөнгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлдэг учраас банк ч мөн эрсдэл үүрч байгаа. Хөгжлийн банк гадаадын банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдын өмнө мөн яг адил гэрээгээр хүлээсэн үүргээ л биелүүлэх ёстой. Тогтсон цагт нь, тогтоосон хүүгээ төлөөд эргэн төлөлтөө хийгээд явдаг. Гэтэл эдийн засаг хэвийн байх үед зээлээ төлөхгүй, төлөх сонирхолгүй хугацаа алдаж баахан явчихаад эцэст нь ковидын хүндрэлээс боллоо гээд яриад суух зээлдэгч байна. Үнэхээр ковидын нөлөөнд өртсөн зээлдэгч ч байна. Нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Зээлийн гэрээний харилцаанд орсон л бол үүргээ хүлээгээд зээлээ олгосон, эргэн төлөлтөө хийх нь ч гэрээний үүрэг. Энэ бол бизнесийн үндсэн суурь харилцаа шүү дээ. Хөгжлийн банкны хувьд гадаад талдаа үүргээ биелүүлэхгүй байж банкны, улсын нэр хүндийг унагаах үйлдэл хийх эрхгүй. Хэрвээ Хөгжлийн банк гадна талдаа дефолт хийвэл улс орны эдийн засагт маш том сөрөг нөлөөтэй. Бид энэ жил төлөгдөх гадаад бондуудын эрсдэлийг бууруулж чадсан. Эргэн төлөлтүүд хийгдсэнээр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн. Нөгөө талдаа бизнесүүдэд, хувийн хэвшлийнхэнд хүнд байгаа нөхцөл байдлыг харгалзаж, ойлгож бодитой хэрэгжиж байгаа төслүүд дээр нь уян хатан хандаж, уулзаж ярилцаж байна.

-Хөгжлийн банк 2023 онд хэчнээн төгрөгийн зээл төлүүлнэ гэж тооцож байгаа вэ, боломж бололцоо ямар байгаа вэ?

-Банк энэ онд 2022 онтой дүйцэхүйц хэмжээний эргэн төлөлтийг хийхээр зорьж ажиллана. Ингэж төлүүлж байж бондын эх үүсвэрийнхээ эргэн төлөлтийг бүрдүүлэх ёстой. Зарим зээлийг хэвийн ангилалд шилжүүлэхийн тулд тухайн зээлдэгчтэй хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жилийн энэ эрчээ алдахгүйгээр цааш алхах болно. Ямар ч байсан өнгөрсөн жилийн эхэн үетэй харьцуулахад банкны нөхцөл байдал сайжирсан.

-Оны эхний сард хийгдэж байгаа ярилцлага учраас асууя. Банк энэ онд ямар үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаандаа ямар дэвшил гаргана гэж зорьж байгаа вэ?

-Банкны асуудлыг олон нийтэд ил болгосны яг нэг жилийн ой болж байна. Өнгөрсөн онд бидний зорилт банкийг хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэх, зээл төлүүлэх байсан бол энэ ондоо бидний хамгийн том зорилго бол гадаад бондын эргэн төлөлтийг шийдэх гэж харж байна. Дээр хэлсэнчлэн “Самурай” бондын эргэн төлөлтийг шийдсэн, “Евро” бонд дээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн чанаргүй зээлийг барагдуулах ажлаа үргэлжлүүлнэ. Банкийг эрсдэлд оруулсан өмнөх алдааг дахин давтахгүйн тулд хуулийн болон дотоод бодлого, журмын шинэчлэлийг үргэлжлүүлэх болно. Шинэ сэргэлтийн бодлогын дагуу банк оны эцсээс санхүүжилт олгож, стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг санхүүжүүлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ тал дээр олон улсын байгууллагуудаар үнэлэлт дүгнэлт хийлгэнэ. Өмнөх алдаагаа давтахгүй болж байж бид дараагийн шат руугаа орох ёстой. Мөн энэ жил бид зээлийн өр төлбөрт авсан үл хөдлөх хөрөнгүүдийн асуудлыг цэгцэлнэ. Үүн дээр мэргэжлийн холбоотой хамтарч олон нийтэд нээлттэй, ил тод, шударга зарчим барьж ажиллах болно.

Д.Отгонжаргал /“Монголын Үнэн” сонин/

Х.Баттулга: Намын даргын хувьд дотоод сонгуультай холбоотой ажиллагаанд хяналт тавих ёстой. Тиймээс Хөгжлийн банкны сонсголд очих боломжгүй
Х.Баттулга: Намын даргын хувьд дотоод сонгуультай холбоотой ажиллагаанд хяналт тавих ёстой. Тиймээс Хөгжлийн банкны сонсголд очих боломжгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.