Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эх, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж өнөөгийн байдлын талаар хэлэлцлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 10 секунд

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.11.23) зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Нийгмийн бодлогын байнгын хороо нь эх нярай, төрөх эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, тусламж, үйлчилгээний асуудалд онцгой анхаарч ажилладаг. Тийм ч учраас Эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Өнөөдөр зохион байгуулж байгаа энэхүү хэлэлцүүлэг нь эх, нялхаст үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, бодит үр дүн, өнөөгийн байдлыг тодорхойлоход бодит түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Хэлэлцүүлэгт “Жирэмсэн болон төрөх үед үзүүлэх тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал” сэдвээр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, “Жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн хангамжийн байдал” сэдвээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Алтантуяа, “Төрөх үед үзүүлэх тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлын талаар “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал нар танилцуулга мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд 2022 оны эхний 10 сарын байдлаар 53,738 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс 6,693 аар буюу 11.1 хувиар буурсан байгаа нь нийгмийн сэтгэл зүй, эдийн засгийн байдалтай холбоотой гэж байлаа. Мөн Монгол Улсын өсвөр насны 1,000 эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин 27.6 (2021) байгаа нь Зүүн Азийн орнуудын өсвөр насны охидын төрөлтийн түвшнээс 3.8 дахин их байна. Иймээс жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн арга, хэрэгслийн хүртээмж, хангамжийн тогтолцоо, тэдгээрт нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлах, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн нотолгоонд суурилсан зөвлөмж гаргаж шийдвэр гаргагч нарт хүргэх чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Түүнчлэн жирэмсний хяналт, төрөх үеийн хүндрэл, төрсний дараах нярайн шарлалт, төрөлтөөс үүссэн хөгжлийн бэрхшээлийн асуудал болон тулгарч байгаа олон хүндрэлүүд талаар хөндөж байлаа. Тухайлбал, жирэмсэн үеийн хяналтад эмчийн зүгээс өгөх зөвлөгөө, мэдээлэл дутмаг, эмч, эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлагын асуудал, ургийн гажгийн оношилгоо дутмаг, жирэмсний хожуу үеийн хордлогын хүндрэл, төрөх үйл явцын хүндрэл бэрхшээлээс үүдэлтэй эх, нярайд тулгардаг асуудлуудыг хөндсөн.

Хэлэлцүүлгийн үеэр Эх, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж өнөөгийн байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх эмч Б.Мөнхбаатар, Эрүүл мэндийн системд тогтолцооны гажуудал байна. Үүнд жирэмсний хяналтын асуудал, шинжилгээ, оношлогоо, ургийн жингийн илүүдэл, төрөлтийн явцад механикаар оролцох, төрсний дараах хяналт, дутуу төрөлт гэх тодорхой хүчин зүйлүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бий болгох, нярайн эндэгдэл гарахад хүргэж байна хэмээсэн бол “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн даатгалаар худалдан авч болох эм, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хагалгааны талаар хөндөж хариулт авлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа нар мэдээлэлтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал төр, эмнэлгийн байгууллага, иргэд хоорондын тогтолцооны асуудалд анхаарч, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход олон талт, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж түүнээс гарах бодит үр дүнд тулгуурлах, үүгээр дамжуулан тогтолцооны хаана гажуудал, асуудал байна түүнд бид анхаарах ёстой. Мөн эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжид эмч, сувилагчдын мэдлэг, уран чадвар шууд холбоотой хэмээсэн.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ эх, нярай хүүхдийн эндэгдлийг бууруулах ажлын хэсэг Нийгмийн бодлогын байнгын хороонд байгуулагдан ажиллаж байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлгээр хөндсөн асуудлыг цаашид ажлын хэсэг үргэлжлүүлэн судлах болно гэлээ.

Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан эх, нярайн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлын талаарх хэлэлцүүлгээс:

1. Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал, нярайн гажгийн суурь шалтгааныг тодорхойлох, шаардлагатай судалгаа, шинжилгээг хийх,

2. Жирэмсэн болон төрсний дараах хяналтын чанарыг сайжруулах, төрсөн нярай бүрийг бодисын солилцооны скрининг шинжилгээнд заавал хамруулах, түүнд зарцуулах санхүүжилтийг Улсын төсвийн төсөлд жил бүр тусгах,

3. Дутуу төрөлтийн тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр 21 аймаг, 9 дүүргийн эмнэлгүүдийг хангах

4. Гэр бүл, жирэмслэлтийг зөв төлөвлөх чиглэлээр иргэдийг соён гэгээрүүлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон Их, дээд сургуулийн оюутнуудад олгох, эрүүл хүүхэд төрүүлэхэд эцэг, эхийн хариуцлагыг сайжруулах,

5. Эх барих, эмэгтэйчүүд, нярай, хүүхдийн эмч, сувилагч, эх баригч, хөдөлгөөн засалч зэрэг хүний нөөцийг урьдчилан төлөвлөх, бэлтгэх, тогтмол сургалтад хамруулах, мэргэжлийн онцлогийг харгалзан тогтвортой ажиллах нийгмийн баталгааг хангах,

6. Зайлшгүй шаардлагатай эмийг төрийн бодлогоор зорилтот иргэдэд хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр шийдвэр гаргах,

7. Эх, нярай, төрөлтийн үеийн тусламж үйлчилгээний ачааллыг хуваалцах чиглэлээр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах бодлогын зохицуулалтыг хийх, хууль эрх зүй орчныг боловсронгуй болгох зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-Хүн амын сан, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Төрийн бус байгууллагын төлөөлөл, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөл, иргэдийн төлөөлөл танхим болон цахимаар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
“Бөртэ чоно-2022” наадмын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар МУГТ М.Анхцэцэг тодорлоо
“Бөртэ чоно-2022” наадмын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар МУГТ М.Анхцэцэг тодорлоо
 
Х.Нямбаатар: Автобус нь 1-р эгнээгээрээ зорчих боломжгүй түгжрэл үүсчихээд байна
Х.Нямбаатар: Автобус нь 1-р эгнээгээрээ зорчих боломжгүй түгжрэл үүсчихээд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.