УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийж байх үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Авлига албан тушаалын хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусмагц хэрэгсэхгүй болчихдог. Төрийн мөнгө шамшигдуулаад торгууль төлөөд өнгөрдөг. Энэ байдлаа яаж өөрчилж байгаа юм бэ. Мөн авлига авсан нь тогтоогдвол хөрөнгийг нь хураах заалт орж байгаа юу?
-Бүлгийн хуралдаанаар "Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах" тухай төслийн тухай хэлэлцлээ. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд авлигын эсрэг гэмт хэргийн зүйл бий. Энэ зүйлийн ял шийтгэлийн бодлогыг чангатгах чиглэлтэй төсөл байгаа юм. Үүнд,
Нэгдүгээрт, Авлигын хэргээр шийтгүүлсэн иргэдэд өршөөл үзүүлэхгүй байх. Өршөөл үзүүлэхгүй байхыг хуульд заасан байдаг. Тухайлбал, Энх тайвны эсрэг гэмт хэрэг, бага насны хүүхэд хүчирхийлэх зэрэгт өршөөл үзүүлдэггүй. Үүн дээр нэмээд авлигын эсрэг хэрэгт өршөөл үзүүлэхгүй.
Хоёрдугаарт, 22.1 дэх зүйлийг зөвхөн ярьж байгаа. Үүнд хэд хэдэн зүйлийг хөндөж ярих шаардлагатай. 22.1-т "Эрх мэдлээ урвуулан ашиглахтай холбоотой албан тушаалтны хэрэг" байгаа. 22.4-т "Авлига авахтай" 22.5 нь "Авлига өгөхтэй" холбоотой заалт байна мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой зүйл заалтууд байгаа ба эдгээрийг бүгдийг нь авч үзэх шаардлагатай гэж үзэж байгаа.