ЭМЯ-аас өнөөдөр /2022.12.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр,
"Юуны өмнө иргэдэд томуугийн дэгдэлт их байгаа энэ үед амны хаалт зүүхийг уриалж байна. Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний явцыг танилцуулахад энэ сарын 08-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 707 мянган хүн хамрагдсан байна. Үүний 45 хувь нь эрэгтэйчүүд, 54 хувь нь эмэгтэйчүүд, 50 хувь нь нийслэлийн, 50 хувь нь орон нутгийн иргэд байна. Нийслэлээс Баянгол, Баянзүрх дүүргийн иргэдийн эрт илрүүлэгт хамрагдах идэвх өндөр байна. Одоогийн байдлаар 690 мянга гаруй иргэний шинжилгээний хариу бүрэн гарсан. Шинжилгээнд хамрагдсан иргэд хариугаа E-Mongolia-аас авах боломжтой.
Нийт 390,925 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр иргэдээс 64.9 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, 9.1 хувь нь дотоод шүүрэл, зургаан хувь нь шээс, бэлгийн тогтолцооны өвчин, 5.8 хувь зүрх судас, 4.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн.
Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 60-аад хувь нь 0-17 насны хүүхдүүд байна. Манай улсад цусны, мэдлэлийн гэх мэт зургаан төрлийн хавдар хүүхдүүдэд зонхилон тохиолддог.
Эрт илрүүлгээр нийт 135 хортой хавдрын оношийг баталгаажуулан, эмчилгээ эхэлсэн. Мөн хортой болон хоргүй хавдрын нийт 2700 сэжигтэй тохиолдол бүртгдлээ. Тэдний 7.8 хувь нь 0-5 насны хүүхдүүд байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн дүн мэдээнд суурилан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажил хийнэ" гэлээ.