Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Нэгдүгээр сарын 28-наас Монгол Улсын хилээр 130,206 иргэн орж ирээд байна. Үүнээс, зохион байгуулалттайгаар татан авчирсан 8480 иргэнийг, 15 удаагийн агаарын хөлгийг татан авалтаар 3315 иргэн, төмөр зам, авто замын хилийн боомтоор орж ирсэн 507 иргэн байна.
Сүүлийн долоо хоногийн хугацаанд 1070 хүнийг эх орондоо авчраад байна. Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10,761 иргэн Монгол Улсад ирэх хүсэлтээ ирүүлээд байна. Эдгээр иргэдийн бага насны хүүхэдтэй 1611 иргэн, эрүүл мэндийн шалтгаантай 449 иргэн, өндөр настан 869, жирэмсэн эмэгтэй 152, богино хугацааны визтэй явсан 337, тухайн улсад байрших газаргүй болсон 158, оюутан 2818, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд орсон 1002, насанд хүрээгүй 358, бусад шалтгаантай 3300 гаруй хүн байна.
Гадаад улс орнуудад байрлах ЭСЯ, консулын газраар дамжуулан дээрх тоо, судалгааг гаргаад байна.
Татан авалтаар авчирсан 2029 иргэдийг улсын хэмжээнд 27 цэгт иргэнийг тусгаарлаад байна.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ойрын хугацаанд ОХУ-д суралцдаг оюутнуудаа татан авах ажиллагааг зохион байгуулах үүрэг, чиглэлийг өгсөн. Зохион байгуулах хугацаа тодорхой бус байна. Бидний зүгээс Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамтай тогтмол холбогдож, оюутнуудтай холбоотой мэдээллээ авч, дараагийн татан авах ажиллагааны талаар санал солилцож байна.
Мөн БНЭУ-аас иргэдээ татан авах дараагийн нислэгийг төлөвлөж байна. Хугацаа нь хараахан тодорхой болоогүй байна. Бид улсынхаа нөхцөл байдал, хүлээн авах хүчин чадал зэргийг харгалзан үзэж товлоно.
БНХАУ-аас тодорхой тооны иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Тун удахгүй татан авах үйл ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь тусгаарлах байранд ажиглалтад авна.
Улсынхаа нөхцөл байдал, чадамжийн хүрээнд гадаад улсад суугаа монгол иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулахыг мэдээлж байна” гэв.
У.БИЛГҮҮН