Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Цэрэнпунцаг: Нүүрсний хулгайн ард том МАФИ байна

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
5 минут 47 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаад буй. Энэ асуудлыг өнөөдөр ЭЗБХ-ны хуралдаанаар хэлэлцэж, товыг тогтооно. Тиймээс энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагаас тодрууллаа.

-Нүүрсний хулгайн хэргээр нээлттэй сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаад анхны хурлаа хийлээ. Ажлын хэсгийн хуралдаанаас нээлттэй сонсголыг хэзээ зохион байгуулахаар товлосон бэ?

-Ажлын хэсэг хуулиар олгогдсон хамгийн богино хугацаанд буюу 14 хоногт багтаан нээлттэй сонсгол зохион байгуулах хийхээр бэлтгэл ажлыг хангах ажиллаж байна. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар товоо тогтоох ёстой. Ажлын хуралдааны саналаар энэ сарын 21-нд нээлттэй сонсгол зохион байгуулах боломжтой гэсэн урьдчилсан санал гараад байна.

Мөн 6 сарын өмнө УИХ-аас байгуулагдсан Хил, гаалийн асуудлыг хянан шалгах түр хороог ахалж ажилласан УИХ-ын гишүүн Г.Ганболд энэ шинэ ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Ингэхээр түр хорооны ажил ажлын хэсэгтэй уялдаж мэдээлэл зөрөхгүйгээр баттай мэдээллийг нэгтээд байж болох юм. Нээлттэй сонсголоор нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой үндсэн 4 асуудлыг хөндөж ярилцана.

Нэгдүгээрт, Төрийн нууцад хамааруулсан “ЭТТ” ХХК-д хамаарах оффтейк гэрээнүүдийг ил болгохыг шаардана. Мөн дэлхийн зах зээл дээр коксожсон нүүрс тээвэрлэсэн цагаас хойш ялангуяа сүүлийн 10 жилийн турш ямар үнээр нүүрс худалдаж ирсэн асуудлыг хөндөнө. Нөгөө талаараа бид 10 гаруй жилийн өмнө хамаарах нүүрсний хулгайн хэргийг бүрэн илчилж, хариуцлага тооцох асуудалд Засгийн газрыг болон холбогдох хууль, шүүхийн байгууллагыг шахаж ажиллана.

Мэдээж өнгөрсөн тодорхой хугацаанд 2 ч төмөр зам баригдсан. Эдгээр төмөр замыг барихдаа ЭТТ ХХК оффтейк гэрээ буюу ЭТТ ХХК-ийн нүүрсийг урьдчилж зараад дээрх хоёр төмөр замыг барьсан байгаа. Одоогоор нүүрсний хулгайн асуудал маш зөрүүтэй тоотой явж байна. Ялангуяа олон жил яригдсан уг хэргийн оффтейк гэрээ, санхүүгийн тайлан, экспортын дүн зэргийг тулгаж харах шаардлагатай байгаа. Жишээ нь ТТТЗ-ыг барихдаа нэг км зам ямар өртгөөр баригдаж, ямар технологи ашигласан, хаанахын хэн гэдэг компани барьсан зэрэг асуудлуудыг ил болгож мэдээлэх шаардлагатай байгаа.

-Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол явуулах ажлын хэсэгт мөн та орж ажиллаж байна. Гэтэл таныг сүүлийн үед нүүрсний уурхайн компанид их хэмжээний хувьцаа эзэмшдэг, том агуулгаараа нүүрсний хулгайн хэргээр шалгагдах ёстой хүмүүсийн нэг гэж ярьж байгаа шүү дээ. Үнэхээр та энэ асуудалд холбоотой юу?

-Би 2020 онд Завхан аймгаас төлөөлж, УИХ-д сонгогдсон гишүүн. Гишүүнээр сонгогдохоос 3 жилийн өмнө “Аспер” ХХК гэдэг компанийн хувьцаа эзэмшигч байсан. “Аспер” ХХК нь Монголд нүүрсний орд ашиглах эрхтэй, хайгуулын зөвшөөрлөө авч, ашиглалтын лицензээ аваад хууль ёсны дагуу ажиллаж байгаа компани юм. Ингэхдээ нүүрсний уурхайн нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд байдаг. Ялангуяа ЭТТ компанитай ямар ч хамааралгүй компани. Үүнийг хүмүүс андуурч асуугаад байдаг.

Үүнээс гадна нээлттэй сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсанаас хойш зориудаар намайг нүүрсний хулгайн хэрэгт хамааруулж, харлуулах гэсэн мэдээллүүд багагүй нийтлэгдэж байна. Тэгэхээр үүний ард нүүрсний жинхэнэ хулгайчид айж тэвдэж сүүлдээ хүн гүтгэж байна гэж ойлгож болно. Би энэхүү гүжирдлээс халирах биш харин ч хулгайчдыг ил болтол ажлын хэсэгт идэвх санаачилгатай ажиллах болно. Нүүрсний хулгайн ард том мафи байна гэж би харж байгаа. Тиймээс иргэд сонгогчдынхоо итгэлийн авч УИХ-д сонгогдсон гишүүний хувьд дээрх ажлын хэсэгт орж, заавал ард нь гарах болно гэж хэлмээр байна.

-Нүүрсний хулгайн хэргийн эзэн холбогдогчид тодорхой болоогүй байгаа үед олон нийтээс ямар ч улстөрчдийг хардаж болохоор байгаа шүү дээ. Тиймээс таны хувьд үүнд эмзэглэх биш, харин хуулийн байгууллагын шалгалтаар нүүрсний хулгайн эздүүд илчлэгдэхэд магадгүй таныг ч мөн үндэслэлтэй гэж үзвэл шалгуулахад бэлэн үү?

-Би шалгуулахад бэлэн. Намайг нүүрсний хулгайн хэргээр прокуророос хүртэл шалгаж байгаа гэсэн мэдээлэл сошиалаар явж байна лээ. Надад прокуророос хэрэг үүсгэх гэж байна гэдэг нь худлаа мэдээлэл. Хэрвээ үнэхээр хуулийн байгууллага намайг шалгах шаардлага гарвал би шалгуулна. Тэгээд энэ нүүрсний хулгайн бүлэг мафитай миний холбоотой нэг үйлдэл тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээгээд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байна.

Улаанбаатарт -16 хэм хүйтэн
Улаанбаатарт -16 хэм хүйтэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.